Д.Сарангэрэл: Сэтгүүлчдийг яллахыг дэмжихгүй

2020-12-13

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан, өөрийн цахим хуудсаараа дамжуулан санал авч эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд 13.14 дэх “худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж, хэвлэл мэдээллийн төдийгүй нийгмийн сүлжээнд иргэний үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрхийг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлан боомилох гэж байна. Үүнийг эсэргүүцсэн, буруушаасан байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагууд, иргэд хүчтэй илэрхийлж байгаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл дараах байр суурийг өөрийн сошл хуудсаараа дамжуулан илэрхийлснийг хүргэж байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр мэргэжил нэгт нөхөд маань 2 удаа итгэл хүлээлгэн сонгож байсан билээ. Энэ өдрүүдэд Эрүүгийн хуулийн төсөлд худал мэдээлэл тараах, түгээхтэй холбоотойгоор сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг их хэмжээний буюу 10-80 сая төгрөгөөр торгох, улмаар 1-5 жил хорих ял оноохоор тусгасан талаар нилээн маргаан өрнөж байна. Өмнө нь байсан энэ заалтыг өөрчлүүлж байсан юм. “Худал мэдээлэл тараахгүй л байвал болоо биз” гэж хэлэх нэгэн бий. Ер нь бурууг зөв, зөвийг буруу болгон сэвдэг болсон энэ үед байр сууриа илэрхийлэхгүй байх нь дээр байж ч мэдэх. Гэвч амиа бодож суух цаг биш гэж бодож байна. Миний байр суурь: 1.Худал мэдээл тарааж, түгээхийг дэмжихгүй. 2. Сэтгүүлчдийг яллахыг бүр ч дэмжихгүй. Харин ардчилал хөгжсөн улс орны жишгийн дагуу энэ асуудлыг иргэний хууль болон Хэвлэлийн цэц-ийн түвшинд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр улс төр, нийгэм, сэтгүүлзүй аль аль нь цэвэрших боломжтой юм. Худал мэдээлэл тараасан бол “Хэвлэлийн цэц” , Ёсзүйн зөвлөл нь хэвлэлийн бага хурал хийж дүгнэлтээ олон нийтэд мэдээлэх, тухайн сонин 7 хоногийн турш ташаа мэдээлэл тавьсан нүүрэндээ залруулга гаргах зэрэг олон арга бий. Телевиз бусад хэрэгсэл ч ялгаагүй. Бид тийшээ явах хэрэгтэй. Энэ дашрамд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл Засгийн хурлаар орж ирээгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд төр, засаг ээлтэй, эрүүл саруул хандана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ нь зөвхөн хэвлэлд бус нийт иргэдэд хамаатай асуудал юм.

Холбоотой мэдээ