Эрчим хүчний сайд Н.Тавинбэх III цахилгаан станцын асуудлыг мэдээгүй хэрэг үү

2021-02-23

Туул руу асгасан цахилгаан станцын хаягдал үнс их хэмжээний цацраг идэвхит бодис агуулж байж болзошгүй-

Салбартаа мэргэшсэн хэмээн Эрчим хүчний сайдаар улиран томилогдсон Н.Тавинбэх эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг алдагдуулна хэмээн хэн санах билээ. Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард цахилгааны хэрэглээний үнийг хөнгөлөх шийдвэр гаргасны үр дагавараар эрчим хүчний салбар тэг зогсох шахаж, доголдол үүссэн. Энэ асуудлыг салбарын яам, тэр дундаа сайд  Н.Тавинбэх толгойгоороо хариуцан Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн болж таардаг. Гэвч тооцоо судалгаа дутуу агуулсан уг шийдвэрийн балгаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан станцууд үндсэндээ аваарын байдалд ажилласаар байгаа. Энэ нь ямар хор хохирол дагуулж байгааг өнгөрсөн долоо хоногт Дулааны III цахилгаан станц цацрагийн бохирдол агуулдаг хаягдал үнстэй усаа Улаанбаатар хот, Төв аймгийнхны ундны эх үүсвэр Туул гол руу урсгасан явдал харууллаа.

Хэрэг явдал энэ сарын 15-нд ил болсон ч өнгөрсөн хугацаанд хүний нүдээр харахад их хэмжээний хаягдал үнс агуулсан хав хар ус Туул гол урсгаж ирсэн болохыг иргэд гэрчилсэн. Тэр уснаас уусан мал амьтан газар дээрээ үхсэн болохыг олон нийтийн сүлжээ дэх зураг харуулсан. Дулааны III цахилгаан станцын удирлагуудын өгсөн тайлбараар КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Засгийн газар цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэр гаргасан нь ийм эрсдэл гарах үндсэн шалтгаан болжээ. Цахилгааны үнийг хөнгөлсөн цагаас эхлэн Дулааны III цахилгаан станц аваарын байдалтай буюу ямар ч нөөцгүй бүх чадлаараа ажиллаж эхэлсэн бөгөөд хаядал ус цэвэршүүлдэг усан сангууд дүүрч, далан сэтрэх аюулд хүрсэн байна. Тиймээс аюулгүй байдлаа хангах үүднээс хаягдал усаа Туул гол руу урсгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард дуусах байсан 15.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ усан сангийн байгууламж ашиглалтад ороход бэлэн болсон ч Эрчим хүчний яамнаас холбох зөвшөөрөл өгөөгүй. Байгаа нөөц бололцоогоо дайчил гэсэн шийдвэр гаргасан аж. Технологийн хувьд нүүрсээр ажилладаг Дулааны III цахилгаан станц хаягдал үнсээ усаар зайлуулж, хэд хэдэн усан сангаар дамжуулан цэвэршүүлдэг. Цэвэршүүлсэн саарал усаа тоноглолын хөргөлтөд ашигладаг дамжлагатай. Үндсэн усан сан халих аюул учирсан учраас их хэмжээний хаягдал усаа Туул руу яаран цутгасан байгаа юм. Хэрэг явдал болсон даруйд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүн амыг ундаалдаг Дулааны III цахилгаан станцын хаядал ус цэвэршүүлэх усан сангууд болон Туул голоос цацраг идэвхит бодисын хэмжээг тогтоох дээж авсан. Мөн нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байгаа юм. Тэд шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана гэдгээ мэдэгджээ. Хэрэв шинжилгээгээр хаядал усаар дамжин Туулын усанд химийн хортой бодис цутгасан нь тогтоогдвол буруутай этгээдүүдэд  эрүүгийн  хариуцлага ч тооцох боломжтой аж.

Өмнө нь хийгдэж байсан олон удаагийн судалгаагаар технологийн хувьд хэт хуурчирсан, түүхий нүүрс түлдэг II, III дугаар цахилгаан станцын хаягдал үнсэнд агуулагдаж буй цацраг идэвхит бодисын хэмжээ хэт өндөр буюу байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, Дулааны III цахилгаан станцаас өнгөрсөн хугацаанд Туул гол руу цутгасан хаягдал үнс агуулсан ус их хэмжээний цацраг идэвхит бодис агуулж байж болзошгүй аж. Нүүрсэн цахилгаан станцын хаягдлаас ялгарсан хорт бодис хөрс, усанд нэвчиж,  түүнээс нь уусан  хүн хорт хавдар тусах магадлал өндөртэй гэсэн судалгаа ч байдаг. Хамгийн аюултай нь тус цахилгааны станцаас хаягдал ус урсгасан хэсгээс доош  Яармаг, Нисэх, Сонгино, Биокомбинат, Шувуу фабрик орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын олон мянган иргэн Туул голын ай сав газарт аж төрж, түүнээс ундаалж байгаа явдал юм. Гэвч Эрчим хүчний сайд Э.Тавинбэх тэргүүтэй дээд байгууллагын удирдлагууд энэ асуудлыг мэдээгүй, судалж байна хэмээн тайлбар хийлгүй зугтаасаар байна. Харин станцын удирдлагуудын хувьд үүндээ хариуцлага хүлээхээ мэдэгдсэн юм.

Ер нь Улаанбаатар хотын ундны эх булаг Туул голын бохирдлын асуудал өнгөрсөн хугацаанд маш хурцаар тавигдаж ирсэн. Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүд, хариуцлагагүй иргэдийн үйл ажиллагааны нөлөөгөөр дэлхийн хамгийн бохирдолтой голуудын жагсаалтад багтсан удаа бий.  Тэгвэл энэ удаад дулааны цахилгаан станцид ашигласан нүүрсний хаядал үнсэнд их хэмжээгээр агуулагддаг ураны бохиролд нэмэгдлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Холбоотой мэдээ