Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс вакцинжуулалтыг эхлүүлсэн Азийн эхний улс орны нэг болж чадлаа

2021-02-23

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний эсрэг вакцины эхний тунг өнөөдөр тариулснаар улс орон даяар дархлаажуулах аян албан ёсоор эхэллээ. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэддээ вакцинжуулах ажилд сайн дураар, идэвхтэй оролцохыг уриалж үг хэлэв.

Тэрбээр, “Шинэ Засгийн газар ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засагт тохирсон олон улсын шилдэг туршлага, шинэ бодлогыг дэвшүүлэн ажиллалаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс цуцалж, нийт аж ахуйн нэгж, байгууллагын 95 хувь нь хэвийн горимд шилжлээ. Төрийн шийдвэрээ хөл хорионы хугацаанд хүндэлж ойлгосон Монголын ард түмэндээ талархаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж буй төрийн албан хаагчиддаа мөн талархлаа илэрхийлье.

Өнгөрсөн хөл хорионы үеэр хэрэгжүүлсэн “Нэг өрх – нэг шинжилгээ”-гээр 411 мянган өрхийн нэг иргэнийг хамруулах байсан ч төлөвлөгөөгөө давуулан 523 мянган хүнээс шинжилгээ авчээ. Энэ ажлын үр дүнд 122 хүн буюу 33 голомтыг илрүүлсэн. Ингэснээр бид хаана байгаагаа мэдэж, дараагийн стратегиа боловсруулах үндсэн суурь боллоо. Өөрөөр хэлбэл, вакцинжуулах ажлыг үе шаттай эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Манай улс вакцинжуулах ажлыг эхлүүлсэн ази тивийн эхний улс орнуудын нэг болж чадлаа. 

Вакцины асуудал шуурхай шийдэгдэх суурь нөхцөл нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн захидал байсныг онцлон тэмдэглье. Мөн оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэнд нийт Монголчуудын өмнөөс талархал илэрхийлье.

Вакцины ажлын багийг ахалсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хичээл зүтгэл өндөр байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хеперсон нар энд хамт байна. Олон улсын стандартад нийцсэн вакцин нийлүүлэх ажилд дэмжлэг болсон та бүхэнд талархлаа илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар богино хугацаанд хүн амын 60 хувь буюу 18 наснаас дээш хүн амаа бүрэн вакцинжуулна. Ингэхдээ, вакцин бол сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлье. Гэхдээ цар тахлын аюулаас эхүүл мэнд, эдийн засгаа хамгаалж чадах хүн төрөлхтөний олсон ганц арга бол вакцинжуулалт гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс ДЭМБ-аас баталсан Монголд хамгийн анх ирж байгаа Астразенека вакциныг тариулахыг нийт иргэддээ уриалж байна.

Ингэснээр, гуравдахь үр дүнд хүрч эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Вакцинтай зэрэгцүүлэн бид эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөр зургаан хувиар агшаад буй эдийн засгийг өөрчилж алдсан 70 мянган ажлын байрыг эргэн сэргээх, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан цусны эргэлтийг хөдөлгөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдрөөс Монголчууд шинэ, гэхдээ эрүүл амьдралын хэв маягт шилжиж байна. Одоо иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлага, хамтын хүчин чармайлт бүхнийг шийдэх учиртай. Зөвхөн өөрийнхөө биш, Монгол Улсынхаа эрүүл мэнд, эдийн засгийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлахын зэрэгцээ вакцинд хамрагдахыг дахин уриалж байна.

Аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихын зэрэгцээ ажилчдаа вакцинжуулахад Засгийн газартай хамтран ажиллаарай. Ингэснээр бид хаасан бүхнээ нээж, амьдралын энгийн хэв маягтаа шилжиж чадна.

Шинэ цагт бид шинэ хандлагаар, шинэ бодлого хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй хүнд, давс мэт шийдвэрийг үргэлжлүүлэн гаргах болно. Өнгөрсөн 12 хоногийн хөл хорионы үед хөдөлгөөнийг 98 хувь хязгаарлаж чадсан шиг ирээдүйн томоохон шийдэлд Загсийн газартаа эргэлзэлгүй итгэхийг уриалж байна.

Хамтын хүчээр халдвар сөрөн зогсож хаасан бүхнээ нээж, алдсан боломжоо эргүүлэн авахын төлөө нийт Монголчууд хамтран тэмцэхийг уриалж байна” хэмээлээ.

Ташрамд дурдахад, манай улс энэ сарын 22-нд БНЭУ-ын буцалтгүй тусламжаар “Астразенека” вакцины 150 мянган тунг хүлээн авсан билээ.

Холбоотой мэдээ