У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын хувь заяа Д.Сумъяабазар, Д.Пүрэвдаваа нараас шалтгаална

2020-09-22

Удахгүй болох Орон нутгийн сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлох чухал сонгууль болно хэмээн улстөр судлаачид хэлж байна. Энэ нь 2021 онд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох уу АН-аас  нэр дэвшигч Х.Баттулга одоогийн суудалдаа ахин зургаан жил улиран суух уу гэдгийг шийдэх чухал тулаан тул намууд орон нутгийн сонгуульд ихээхэн хүч тавьж байгаа нь нэгэнт тодорхой болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн далбаан дор АН, МАХН, ШИНЭ зэрэг намуудыг нэгтгэж Ардчилалын төлөөх намуудын нэгдэл гэх албан бус эвслийг байгуулан орон нутгийн сонгуульд оролцож байна. Ардчилалын төлөөх намуудын эвслэлийг Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа удирдаж байгаа бөгөөд түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.

Ардчилалын төлөөх намуудын нэгдлээс НИТХ-ын сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хүүхдүүд, 2020 оны УИХ-ын сонгуульд унасан нөхдүүд шархаа нөхөхөөр нэр дэвшиж байгаа нь тус эвсэл ялалт байгуулахад саад болж магадгүй хэмээн үзэх хүмүүс бас байна. Нөгөөтэйгүүр нь энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэл гэх.

Харин МАН энэ удаагийн сонгуульд Д.Сумъяабазарт бүх эрх мэдлийг өгч, шатрын өрөг дээр МАН-ын нэрийн өмнөөс бусад намуудтай нүүдэл хийхийг зөвшөөрчээ. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарт итгэж байгаагаа хэлээд нэр дэвшилтийг өөрөө мэдэж хийсэн нь дээр хэмээн зөвлөсөн байна.

Энэ утгаараа Д.Сумъяабазар өөрийн шийдвэрээр 45 нэр дэвшигчийг нийслэлд тодруулсан нь МАН дахь бүлэг, фракциудын дургүйг хүргэсэн бололтой. Учир нь НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ихэнх нь Д.Сумъяабазарын багийн хүмүүс байна гэх шүүмжлэл гараад төд удалгүй замхрав. Д.Сумъяабазарыг МАН-ын дарга У.Хүрэлсүх бүх талаараа дэмжиж байгаа одоогийн энэ нөхцөлд тэд Д.Сумъяабазар уу дайралт хийж, шүүмжлэх нь эрсдэлтэй алхам хэмээн үзсэн тул МАН-ынхан амаа хамхицгаажээ.

Товхондоо бол Монгол Улсын нийт хүн амын тал нь оршин суудаг Улаанбаатар хотод энэ удаа Д.Пүрэвдаваа, Д.Сумъяабазар нарын аль нь удирдсан сонгуулийн штабаа ялалтад хүргэхээс шалтгаалж  Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хэн нь дараагийн Ерөнхийлөгч болох вэ гэдэг асуулт хариултаа олох нь.

 

Эх сурвалж : zuv.mn

Холбоотой мэдээ