Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн тухай

2020-09-30

Монголын хүүхэд багачуудын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хүүхдийн сайн сайхны төлөө олон арван ажлыг хийж гүйцэтгэсэн хүн бол А.И.Цэдэнбал-Филатова юм. Энэ жил түүний 100 жилийн ой тохиож байна. 

  Үндэсний төв архивт Хүүхдийн төлөө фондыг анх байгуулсан, түүний орон тоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдох Намын төв хороо, Сайд нарын Зөвлөл, Сангийн яамны тогтоол, тушаал, захирамж, дүрэм заавар, төв комиссын ажлын төлөвлөгөө, тайлан, хурлын тэмдэглэл зэрэг баримт бичгүүд  хадгалагдаж байна.

  Монгол Ардын Хувьсгалт намын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө фонд байгуулах тухай Улаанбаатар төмөр замын хамт олны уриалгыг сайшаан дэмжих, фонд байгуулах, түүнийг зарцуулах ажил эрхлэх комисс байгуулж, дүрмийг батлан гаргах, фондын хөрөнгийг цэцэрлэг, ясли барих, тохижуулах болон материаллаг баазыг бэхжүүлэхэд зарцуулна” гэж шийдвэрлэжээ. 

  Ийнхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 159  дүгээр  тогтоолоор Хүүхдийн төлөө фондын төв комисс байгуулагдсан түүхтэй.

  Уг тогтоолоор Хүүхдийн төлөө фондын төв комиссын бүрэлдэхүүнийг баталж, Төв комиссын даргаар А.И.Цэдэнбал-Филатова, орлогч даргаар Д.Галсан, Д.Дашдовдон, Д.Түмэндэлгэр нар болон бусад гишүүдийг томилжээ. 

  Хүүхдийн төлөө фондын төв комисс байгуулагдаж, “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриан дор хүүхдийн нийгэм, соёлын олон асуудлыг шийдвэрлэсний нэг нь Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланг барьж байгуулсан явдал юм. 

  Төр засгаас хүн төрөлхтний гэрэлт ирээдүйг буй болгоход олон улсын хүүхэд, залуу үеийнхний найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэг чухал хувь нэмрээ оруулна гэж үзэж байжээ. Тиймээс хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, үндэсний ёс заншлаас суралцуулах, тэдний амарч тухлах таатай орчинг бүрдүүлэх, хүртээмжтэй чанартай үйлчилгээг үзүүлэх, орон орны хүүхэд багачуудтай найрсаг дотно харилцаа тогтоох, харилцан суралцах зорилгоор Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зусланг 1978 онд байгуулсан байна. 

/Баримт № 1/

       Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслан байгуулах, барилгын ажлыг хугацаанд нь дуусгах тухай Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 06 дугаар тогтоолд: “Найрамдал” зуслангийн барилгын ажлыг 06 дугаар сарын 25 гэхэд дуусгах, ажилчин албан хаагчдын цалин, орон тоог батлах болон хүн эмнэлэг, холбооны салбарыг байгуулахыг холбогдох яам, улсын хороодод даалгажээ.  

  Хүүхдийн төлөө фондын төв комиссын товчооны 1978 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлыг комиссын дарга А.И.Цэдэнбал-Филатова даргалан хуралдуулж, дараах асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:  Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөс пионерийн “Найрамдал” зусланд бэлэглэх төхөөрөмж, тоглоомын нэр төрөл, тоо хэмжээг тохиролцон тогтоолын төсөлд дурдсан ёсоор нэг тумбочкатай ширээ 8, цагаан тумбочек 5, хагас зөөлөвчтэй сандал 12, хөргөгч 1, цагаан хэрэглэлийн шүүгээ 1,  эмнэлгийн шүүгээ 1, эмнэлгийн 17 нэр төрлийн багаж хэрэгсэл, 20 шахам нэр төрлийн тоглоом, пянз тоглуулагч 5 ширхэгийг бэлэг болгохоор баталжээ.

  Олон Улсын Хvvхдийн “Найрамдал” зуслан нь 1978 оны 07дугаар сарын 19-нд албан ёсны нээлтээ хийж, Олон улсын пионерийн “Найрамдал” зуслангийн  үйл ажиллагаа эхэлсэн байна.  

/Баримт № 2/

Олон Улсын хүүхдийн Найрамдал зуслангийн нээлтийн ажиллагаа. 1979.07.19.Нээлтийн үйл ажиллагаанд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн удирдагчид оролцсон байна.

/Баримт № 3/

Баянгол дахь Олон улсын Найрамдал зуслангийн нээлтийн ажиллагаанд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв оролцож, баяр хүргэж үг хэлж байгаа нь.

/Баримт № 4/

Олон Улсын пионерийн Найрамдал зуслангийн нээлтийн ажиллагаанд  Хүүхдийн төлөө фондынтөв комиссын дарга А.И.Цэдэнбал-Филатова оролцож түлхүүр гардуулж өгч байгаа нь. 1978 оны 07 дугаар сарын 19 өдөр “Найрамдал” зуслангийн эхний ээлжийн барилга байгууламжийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулж, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан   Зөвлөлтийн зарим барилгачдыг одон, медалиар шагнан урамшуулжээ.

/Баримт № 5/

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслан нь нэг ээлжиндээ 240 хvvхэд хvлээн авч амруулан сувилж, пионер сурагчдын дунд соёл урлаг, спортын тєрєл бvрийн ажлуудыг зохион байгуулж иржээ.

/Баримт № 6/

Олон Улсын пионерийн Найрамдал зусланд амарч байгаа пионерууд

 Харин 1981 онд төв байр, сургуулийн байр, ажилчдын орон сууцны байр зэрэг өвлийн улиралд vйл ажиллагаа явуулах барилга байгууламж ашиглалтад орсноор зуны улиралд 500, өвлийн улиралд 240 хvvхэд хvлээн авч, vйл ажиллагаагаа өргөтгөсөн байна.  

/Баримт № 7/

Олон Улсын Найрамдал зуслангийн өвлийн байрыг хүлээн авах пионерийн шугам жагсаал

Манай улс Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зусланг барьж байгуулснаар  хүүхэд багачуудынхаа ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийж, тэдний сурч боловсрох, хөгжин цэцэглэх, олон орны хүүхэд багачуудтай мөр зэрэгцэн алхах, найрамдал нөхөрлөлийн халуун дотно харилцаа тогтоох зэрэг үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Эх сурвалж: АЕГ

Холбоотой мэдээ