ЭЕРЭГ ДАГВА

2020-10-05

МУСГЗ, Сэтгүүлч: Б.Ганчимэгийн “ЭЕРЭГ ДАГВА” нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн амьдрал гаднаасаа нэг нам дангаар бүрэн эрхийн бодлого хэрэгжүүлсэн, цул эрх мэдлийн үеүд мэт харагдсан ч гаднадотноосоо улс төрийн зөрчил тэмцэл дунд ажилласан мөчүүд байлаа.
Ялангуяа нийслэл Улаанбаатарт тулгамдсан том том асуудлууд гороолж, иргэдийн бухимдал тал талаас нь ээрсэн бэрх үеийг тэд маш амжилттай давж гарсан гэж би хувьдаа хардаг. Ажлаа ч хийсэн, олон жил хуримтлагдсан асуудлуудыг ч халшралгүй, халгалгүй барьж аваад явсан.
Үүнд нь энэ багийн нэг том онцлог оршиж байгаа юм. Улаанбаатар хотын хуримтлагдсан зовлон, хураагдсан үйлээс зугтах газар тэдэнд байгаагүй. Тэд ч зутгаагүй.
Дараагийн нэг онцлог нь нам доторх зөрчил тэмцлийн асуудлуудаас тэд бас айж дөлөөгүй. Хотын дарга огцорно гэдэг бол хотод том тулаан өрнөсөн гэсэн үг. Энэ том тэмцэл дунд бидний өмнө НИТХ-ын дарга Р.ДАГВА гэж дүр гарч ирсэн. Тэр дүр лүү тухайн үеийн тэмцлээс ямар ч шавар шавхай очиж наалдалгүйг улс төрийн ажиглагчид анзаарсан байх.
Улс төрийн тэмцэл гэдэг бол зориг зүрх шаарддаг, хүн чанар сорьдог адармаатай тэмцэл. Баргийн хөнгөн шингэн гар байсан бол Р.Дагва шиг нэр цэвэр, элдэв хардлага сэрдлэгээс хол ийм эерэг оноотой гарч ирж чадахгүй.

Ингэхэд тэр хэн юм бэ?
Албан тушаалтны хувьд тэр НИТХ-ын дарга. Манай хотын парламенын удирдагч. Хувь хүнийх нь гялалзсан хурд, эв эеийг хангаж чаддаг арга барил, гал унтрааж, гар барьж өмнөх ажлуудаа явуулдаг өвөрмөц чанар нь НИТХ-ыг удирдах явцаас нь ил тод харагддаг. Ерөөсөө НИТХ-ыг зөрчил тээгч, хутгагч фигур удирдаж чаддаггүй.
Тийм ч учраас намчирхдаггүй, нам намын төлөөлөгчдийг эрх тэгш харилцаагаар хангаж чаддагт нь хүмүүс түүнд ам сайтай байдаг байх. Тэрхүү нам намын төлөөлөгчдийн ард зөвхөн сонгогчид байгаа шүү дээ гэж тэр хэлдэг.
Р.Дагвыг улс төрд тэрний хүн гэж өмчлөх юм уу, эсвэл тэр фракцийн нөхөр шүү дээ гэж хэн ч овоглож чаддаггүй. Дээр нь энэ хүн өөрөө багийн маш сайн зохион байгуулагч. Тийм ч учраас хотод явагдсан тэр том өөрчлөлтүүдийн үед Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид нь “Ерөөсөө бид таныг сонгож энэ тамгыг атгуулна. Та л энэ ээдрээтэй асуудлуудын ард авч гарч чадна” гэж итгэсэн хэрэг.
Тэр энэ хотын ажил амьдралтай зууралддаг амаргүй ажлаа нэгжээс буюу дүүргээж эхлүүлж байсан түүхтэй хүн. Үнэндээ дүүлэн нисэх боломж түүнд байсан л байх. Гэхдээ тэр урдах замаа товчлоогүй юм.

Энэ тухай нь төнхөж асуухаар “Хүн ер нь бүх юманд туйлширч болдоггүй. Нөхөрлөлд ч хүн туйлширч болдоггүй. Бас ажил албан тушаалд адгаж яарч болдоггүй. Би адгах дургүй” гэж хариулна лээ.
Нийслэлийн хамгийн том дүүргүүдийн нэг Сонгинохайрханаас тэр иргэдийн хуралд сонгогдон ажиллаж, тэднийг төлөөлсөн он жилүүд нь түүнд Сонгинын Дагва гэдэг нэрийг хайрлажээ. Арга ч үгүй биз. 15 жил тэр дүүргийн ажил амьдралаас салаагүй явсан. Дүүрэгт, иргэдийн дунд ажиллаж явахад түүнээс бусад нь бүгд дээшээ явцгаасан.
Угаасаа тэр уралдаанч, урцалдаанч хүн биш.
Р.Дагва жирийн ажилчин айлын хүү. Долоон буудалд эмээтэйгээ өсч, хар багаасаа хариуцлага үүрч сурсан нэгэн. Хогийн шүүр хийж зардаг өвгөнд шавь орж хамт шүүрний өвсөнд явна. Шанд нь хоёр шүүр авна. Нөгөө хоёрыгоо зарж эмээдээ орлого олж өгнө. Эмээгийн хүү ингэж хар нялхаасаа ажил хийж сурчээ.
Тэр хавийн айлуудыг намар хадланд гарахад нь эмээ нь хүүгээ хамт явуулна. Эмээ хүү хоёр тэгж хоёр үнээгээ онд авч ордог байсан гэж байгаа. Хориод хоног хадланд яваад ирэхдээ тав зургадугаар ангийн тэр жаахан хүү хоёр машин өвстэй иргэд байсан гэнэлээ. Дунд сургуулиа төгсөөд тэр гурван жил эр цэргийн албанд мордож.
Эмээгээ орхиод явахад хэцүү л байсан байж таарна. Сунайсан гурван жилийн албыг хаагаад, сунагар залуу ирж бас таарна.
Амьдралын талаар нэг бол хоосон онол яриад, эсвэл хээнцэр зохиол яриад байдаг хүмүүс таардаг. Тэр бид хоёрын яриа дурсамжаар амилан тэртээ он жилүүдрүү очиж, долоон буудалд эмээгийнх нь жижигхэн бөөрөхний гэрээр орж, жаргал зовлон дундуур алхлаа.
Амьдралын арга ухааныг би эмээгээсээ л авсан. Алдаж болохгүй, алдах эрх байхгүй гэдэг ганц л ойлголт намайг өдий зэрэгт хүргэсэн. Татаж түших хүн байхгүй, зөвхөн бор зүрхээрээ л амьдралын аянд гарсан даа гэж тэр хэлдэг.
Дутуу гуцуухан борог амьдралд нухлагдаж өссөн ч эмээтэйгээ өнгөрүүлсэн бага насны амьдралаа инээж ярьдаг нь Р.Дагва.
Тэр угаасаа л инээд алдаад явдаг. Энэ ч бас тэр онцлог зан нь байх. Инээдэг Дагва Эерэг Дагва…
Ийм нэгэн бүх талаараа бэлтгэгдсэн Хотын зүтгэлтэн сонгогч таны төлөө ажилладаг юм. Хоёрхон хоногийн өмнө бид ярилцлагын ширээний ард сууж байлаа.

Таны аав гэж сайхан буурай хааяа тантай уулзахаар ирдэг гэнээ гэхэд “Муу аав маань 80 хүрч байна. Хааяаа хүү дээрээ ирнээ ирнэ” гээд инээж байлаа. Гэтэл жиндүүхэн намрын энэ өглөө түүнийг сайхан буурал аавгүй болгоод хонож. Харин Р.Дагва гунигаа залгичихаад ажиллаж л яваа харагдлаа. Амьдрал ийм үед хэцүү шүү гэхэс өөр үг гарч ирдэггүй юм байна….

 

Холбоотой мэдээ