Б.Тулгын мөнгө тараалгасан нь үйлдэл дээрээ баригдсан бол Н.Энхбаярын медаль тараасан нь сошиалаар таржээ

2020-10-12

Боловсрол нимгэн, сурсан мэдсэн зүйлгүй, дорвитой ажлын туршлагагүй залуус хэн нэгэн улс төрчийг хэдэн жил дагаж яваад шанд нь дүүрэг, нийслэлийн төлөөлөгчөөр сонгогддог, цаашлаад УИХ-д санаархдаг, суудаг улс төрийн бурангуй жишиг тогтоод буй.  Үүний олон жишээг 2020 оны УИХ,  орон нутгийн сонгуулиар бид хангалттай харж, үзэж байна. Тэдгээр “цүнх баригч”-дын тод жишээ болсон нэгэн хүн өдгөө нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшиж байна.

Б.Тулга бол Намбарын Энхбаярыг ид мандан бадарч явахад цүнх баригчыг нь хийж байсныг Монголын ард түмэн андахгүй. Н.Энхбаярыг дагаж явсаар боловсрол мэдлэгээ ч дээшлүүлж амжилгүй зөвхөн түүний далалсан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж явсаар өнөөдрийг хүрсэн.

Хэрэв Н.Энхбаяр  намдаа жийгдэж, улстөрийн тавцангаас шат буугаагүй бол Б.Тулга цүнх баригчаар нь өнөөдрийг хүртэл явах байсанг үгүйсгэх аргагүй юм. Өөрөөр хэлбэл, Б.Тулга  МАХН-ын тэргүүн зэргийн кадр болж чадахгүй байсан нь ойлгомжтой. Ёстой л бурхангүй газрын бумба галзуурч буйн жишгээр МАХН-аас бүх шатны сонгуульд Б.Тулга нэр дэвшсэн ч амжилт олж чадаагүй байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд унасан Б.Тулга  өдгөө  орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр тойрогт нэр дэвшиж буй.

Тэрбээр улс төрийн багш Н.Энхбаярынхаа адилаар эрх мэдэлд шунахаараа юуг ч хийж чадна гэдгээ орон нутгийн сонгуулийн энэ хэдэн өдөр харуулж байна. Тодруулбал 2020.10.10 ны өдөр Б.Тулгын хүмүүс иргэдэд мөнгө тарааж байгаад  үйлдэл дээрээ баригдсан байна. Ингэхдээ АН-аас Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй Г.Баттулгын хамт өөрийн хүмүүсээрээ дамжуулан иргэдэд Б.Тулга, “Г.Баттулга нарыг дэмжээрэй” хэмээн 100.000 төгрөг өгсөн байна. Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн уг үйлдэл нь баримтаар баталгаажсан учир цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Түүний мөнгө тараасан хэргийн дуулиан намжаагүй байхад 2020.10.12-ны өдөр иргэдэд одон медаль тараасан нь сошиалд хэл амны бай болж байна. Намын дарга, улс төрийн их багш Н.Энхбаяр нь Б.Тулгыгаа дэмжих учраа олохгүй МАХН-ынхаа  төв байрандаа Сонгинохайрханчуудыг цуглуулж одон медалиар шагнажээ. Ийнхүү шагнал авсан нэг иргэн цахим хуудсандаа зургаа постолсон нь хууль зөрчсөн Б.Тулгын нууц үйлдлийг илчилж өгчээ.

Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж, зүтгэхийн цаад учир мэдээж Н.Энхбаярын эрх мэдлийн төлөөх улайрал юм. Өөрөө нэгэнт орж чадахгүй болсон улс төрд өөрийн гар хөлөө оруулахын тулд төрсөн хүү Э.Батшугар, баруун гарын цүнх баригч Б.Тулга хоёрыгоо шат шатны бүх сонгуульд ийнхүү сойж байна. Сонгогчдын боловсрол Н.Энхбаярын төсөөлсөн шиг биш болсон тул тэдэнд ард түмэн өнөө маргаашийн талхны мөнгө, одон медальд хууртаж саналаа өгөхгүй нь ойлгомжтой.

Холбоотой мэдээ