ХУУЛИЙН ТӨСӨЛ: Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй бол тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татна

2020-10-20

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Тус хуулийн төсөл нь орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтуудыг тусгаснаараа ач холбогдолтой болсныг хууль санаачлагчид онцолж буй юм.

Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгажээ.

НЭГЖҮҮДИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ДАРААХ БАЙДЛААР ТОДОРХОЙЛНО  

  • Иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгох, энэ хүрээнд баг, хороо эрх зүйн харилцаанд оролцох эрх зүйн үндсийг бий болгох, баг хороонд нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэх;
  • Сум дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан цөм (суурь) нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбоотойгоор энэ хуулиар бий болох орон нутгийн чиг үүргийг голлон хэрэгжүүлэх нэгж нь байх зэргээр нутгийн өөрийн удирдлагыг иргэдэд илүү ойр нэгжид төвлөрүүлэх;
  • Аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ төв засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байхаар тодорхойлох. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байна. Харин иргэдээс саналыг нь авах ажлыг ИТХ зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг УИХ тогтооно. Нэгжийг өөрчлөх асуудлаар иргэд санал тавих, Засгийн газар санаачлах үндэслэлийг хуулиар тодорхойлно.

ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ  

  • Төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох болон шилжүүлж үл болох чиг үүргийн жагсаалтыг хуулиар тодорхойлно. Ингэхдээ чиг үүргийг аль болох иргэдэд ойр нэгжид хуваарилан, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх зарчмыг баримтална. Нутгийн өөрөө удирдах байгууллага орон нутгийн чиг үүргийг болон төрөөс шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ба эдгээрийн биелэлтэд төв Засгийн газар засаг төрийн төлөөлөгчөөрөө дамжуулан хяналт тавина.
  • Орон нутгийн бие даасан байдлыг хангах хүрээнд өөрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор иргэдийн шууд удирдлагын хэлбэр болох иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын сацуугаар бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилна.
  • Иргэдийн Хурлын төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дэлгэрүүлж, төлөөлөгч ба сонгогч иргэний хооронд “амьд харилцаа” байх нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг хуулийн төсөлд оруулна. Үүнд: Төлөөлөгч иргэддээ тайлагнах, тэдний захиа даалгаврыг биелүүлэх, төлөөлж буй иргэдийн нэрийн өмнөөс гүйцэтгэх байгууллагатай харилцах (Засаг даргыг хянах, санал асуулга тавих гэх мэт) зэрэг өргөн эрх мэдэл, үүргийг төлөөлөгчид ногдуулна. Мөн Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зохицуулалт хийнэ.

ЗАСАГ ДАРГА САНАЛ ОРУУЛСНААР ЗГ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫГ ТАРААХ ШИЙДВЭР ГАРГАЖ, АРГА ХЭМЖЭЭ АВНА

  • Иргэдийн Хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чиг үүргээ биелүүлэхгүй байх, иргэд олон түмний итгэлийг хөсөрдүүлэх, бүлэглэх, улс төржих явдал гаргуулахгүй байх зорилгоор төв засгийн хяналтыг тодруулж Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах тараах шийдвэр гаргах зэрэг арга хэмжээ авах эрхтэй байхаар хуульчилна.
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаагаа намын бүлгээр бус, байнгын болон түр хороо, ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулна. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулна.
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийн удирдлагын байгууллагыг адилтгах бус түүний чиг үүрэг, суурийн газрын онцлогт нийцүүлэн түүнийг сонгож байгуулах арга журмыг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн тогтооно. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн хувьд тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох, харин НИТХ-ыг ДИТХ-аас сонгож байгуулахаар зохицуулна.

АЙМАГ, НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЖУРМЫГ ИТХ ТОГТООДОГ БОЛНО

  • Аймаг, нийслэлд “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүргийг, тодорхойлсон нийтлэг журам“ батлах эрхийг аймаг, НИТХ тогтоодог байхаар тусгана.
  • Түүнчлэн дээрх журмын хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий “Худалдаа, үйлчилгээний зохицуулах зөвлөл“-ийг сум, дүүргийн Засаг даргын дэргэд ажиллахаар тусгана.
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг энэ хуульд тусгана. Татварын ерөнхий хуулийн 7.2.15-д заасан татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээх.
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төсвөө бие даан батлах, төрөөс олгох татаас, тусгай зориулалтын шилжүүлгийг тухайн нэгж тус бүрд нэр заан батлах зарчмыг баталгаажуулах.
  • Орон нутгийн төсвийн төлөвлөлт нь улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцсэн байх шаардлагыг тусгах.
  • Орон нутгийн санг бүрдүүлэхэд орон нутгийн санаачилга, оролцоог нэмэгдүүлж урамшуулах зохицуулалтыг бий болгох.

ЗАСАГ ДАРГА ДЭЭД ШАТНЫ ЗАСАГ ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДЫН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ  

  • Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг огцруулах үндэслэл, журмыг Үндсэн хуульд нийцүүлэн “томилох” гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицуулалт хийнэ. Төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга (Ерөнхий сайд)-ын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг дээд шатны Засаг дарга, (Ерөнхий сайд) шууд шийдвэрлэж байхаар, харин Хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудлаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж шийдвэрлэж байхаар тусгана.
  • Орон нутгийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлохдоо энэ хуулиар аль болох ерөнхийлөн заах (суурь зарчмыг тодорхойлох) салбарын буюу тусгайлсан хуулиар тусгайлсан бүрэн эрхийг тодорхойлох зарчмыг баримтална. Энэ нь хууль батлагдсанаар орон нутгийн удирдлага хуулийг хэрэглэх асуудалд дэвшил бий болно. Мөн түүнчлэн аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны төвшинд бүрэн эрхийг давхардуулж олгохгүй, нэг асуудлаар өөр түвшний байгууллага бүрэн эдлэх боломжийг багасгах, цаашид байхгүй болгох үндэс суурийг энэ хуулиар тавина.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 оноос хойш тухайн харилцааг зохицуулсан 2 удаагийн хууль (1992 оны болон өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2006 оны хууль) батлагдаж үйлчилж ирсэн. Дээрх хуулиудаар нутгийн удирдлагын үйл ажиллагааны зарчим, арга, хэлбэрийг тодорхойлж байсан боловч зарим асуудлыг зохицуулахад “хоцрогдож” байгаа тул нэгжийн хуулийг шинэчлэн батлах хууль зүйн үндэслэл, практик шаардлагыг бий болгосон гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Д.Ганболд, Ж.Батзандан нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Үүний дагуу УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатараар ахлуулан, С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан юм.

 

Холбоотой мэдээ