ЧИМЭЭГҮЙ СӨНӨӨГЧ ХИЙ

2020-10-23

Толгой өвдөж, дотор муухайрч, амьсгаа давчдаж, бие сулрахад тоохгүй байх нь амь насанд ч хүрэх эрсдэлтэй гэж хэрхэн бодох билээ.

Хүн гээч ер нь их сонин. Угаарын хий гэдгийг наснаасаа их сонсож байсан болохоос яг юу юм гэдгийг мэдэхгүй л явлаа. Үнэндээ угаарын хий гэдэг нь ямар нэгэн нүүрс, түлшийг шатаахад утаа болон СО2 ялгардаг. Утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий буюу нэг үгээр бол бидний уудаг ундааны газ. Гэтэл зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө байхгүй, үнэр байхгүй. Гэхдээ үхлийн аюултай хорт хий юм. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусч гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг байна. Тэр үед яндангийн таталт сайн байх юм бол гадаад орчиндоо цацагдаад сарнидаг. Гэтэл таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгодог байна.

Урьдчилан сэргийлэх ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тогтмол хүргэж байгаа хэдий ч иргэд бид дэндүү хайхрамжгүй, анхааралгүй байна. Угаарын хий мэдрэгчээ ажиллуулахгүй батерейг нь аваад авдартаа далд хийж, яндангаа хөөлөхгүй, галлагааны зуух, пийшингийн эвдрэлээ засахгүй, сойлтоо лав хаасанаас болж хоногтоо хэд хэдэн хүний амь эрсдэх болжээ.

Энэ бол аюул. Монгол хүн бүрийн амь үнэтэй. Улсын хэмжээнд 2010-2020 онд ахуйн хүрээнд угаартаж нас барсан нийт 64 хэрэг бүртгэгдэж, 94 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн угаарын хийн хордлогын шалтгаан нь зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муу, зуух яндан хөө тортогтой, үнс дүүрсэн, түлш буруу түлсэн, яндан намхан, яндангийн сойлт хаасан зэрэг байдаг байна.

Хүйтэрч байгаа энэ үед айл, өрх бүр галлаагаандаа анхаарч, угаарын хий мэдрэгчээ ажиллуулахгүй бол Монгол хүний алтан амь чимээгүй сөнөсөөр байх нь…

Эх сурвалж: ЦЕГ

Холбоотой мэдээ