Газрын тосны хатан хаан

2020-10-30

Цөөн хэдэн лалын орны бүсгүйчүүд гивлүүртэйгээ үлдсэнийг эс тооцвол XX зууны сүүлээс шинэ зуун гартал дэлхий нийтээрээ жендерийн хувьд хувьсгал хийсэн гэж үзэж болно. Гэлээ гээд ХХ зууны дунд үеэс төрсөн Коко Шанель, Эсти Лаудер, Опра Уинфри гээд нэр бүхий цөөхөн эмэгтэйг эс тооцвол бизнесийн ертөнцөд цойлон гарсан эмэгтэй ховор л байлаа. Тэр дундаа уул уурхай, нефтийн эзэнт гүрэнд ноёрхолоо тогтоогчдын хүйсийн байдал 100 хувь эрчүүдээс бүрддэг.

Тэгвэл Азийн цээжин дэх Монгол улсын нефть бүтээгдэхүүний бизнесийн ертөнцөд манлайлагч нь эмэгтэй хүн байгаа нь гайхалтай тохиолдол гэж хэлж болно. Гэхдээ энэ эмэгтэй өөрийгөө “Эр хүн шиг” гэж хэлүүлэх дургүй. Тэр өндөр албан тушаалтай ч эмэгтэй чигээрээ үлдэж, тэр бүү хэл туяхан уяхан гүнж болохыг мөрөөдөж үлгэрт итгэж өссөн гээд бод доо. Монгол орон зах зээлийн эдийн засагт дөнгөж л хөл тавьж байх мөчид түүний өмнө төрийн алба, гэрийн эзэгтэй байхын алиныг нь сонгох амаргүй сугалаа таарсан гэдэг. Энэ сонголтонд магадгүй түүний бага насандаа туулж өнгөрүүлсэн амьдрал нь тусалсан болов уу гэж бодогддог.

Монгол орон зах зээлийн эдийн засагт дөнгөж л хөл тавьж байх мөчид түүний өмнө төрийн алба, гэрийн эзэгтэй байхын алиныг нь сонгох амаргүй сугалаа таарсан гэдэг

Наймхан настайдаа аавыгаа алдсанаар цаг наргүй ажиллах ээждээ туслан, хоёр өнчин дүүгээ өсгөж өрх толгойлох үүрэг түүнд ноогдож байсан. Ийм ч учраас хүн өөрийнхөө хүчээр л хүн болох ёстой гэсэн зарчмаар сонголт хийсэн нь алдаагүй гэдгийг түүний өнөөгийн амжилтаас харж болно. Нөгөөтэйгүүр, хоёр хүүхэд нь “Бид өөрсдийн хүчээр сурч мэдэж, амьдрах болно” гэсэн үзлээр ирээдүйдээ хандаж буй нь түүний сонголт алдаа биш байсныг харуулж байх шиг. “Тэр сонголт бол надад олдсон боломж. Түүнийгээ ашиглахгүй бол хаана байсан, тэндээ л үлдэх байсан” гэж ярьж байгаа эмэгтэй бол “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл бөлгөө. Монголчууд “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн үгийг бахдан биширч хэрэгжүүлэхийг зорьдог. Тэгвэл энэ хатагтай “Долоо хэмжээд огтлохгүй ч байсан болно” гэж хэлдэгт нь элдвийн тайлбар хийх хэрэггүй биз ээ. Амьдрал түүнд олонтаа хатуурхсан. Тэр бүрт Ж.Оюунгэрэл сөрж гар­сан, тэр чинээгээрээ амжилтад хүрч байсан гэлтэй. Хар нялхаараа эцгээ алдан өнчирч, сургууль сонгох болоход дарга нарын хүүхдийн голсоныг авах, “НИК” ХК-ийг гардан байгуулж хөл дээр нь босгосон ч намын харъяаллаар хөсөр хаягдаж байсан  гээд хал үзэж, халуун чулуу долоосныг нь тоочивч барашгүй. Тэр мөчид түүний халаасанд бус тархинд баялаг байсныг өнөөгийнх нь ажил, амжилт бэлээхэн гэрчилнэ.

Монголын нефтийн магнат хатагтай Ж.Оюунгэрэл Улаанбаатар хотод Жанчивын ууган охин болон мэндэлжээ. Наймхан настайд аав нь нас барж өнчин хоцорсноор хувь заяа түүнээс хүүхэд нас, сонголт хоёрыг нь булаасан юм. Симфони найрал хөгжимд хөгжимчнөөр ажилладаг ээж нь цаг ямагт тоглолттой учраас оройтох нь энүүхэнд. Тэр ч бүү хэл хэдэн сараар урлагийн бригадаар хөдөө явчихна. Ээж нь цалингаа буухаар Ж.Оюунгэрэлд л өгч гэрийнхээ төсвийг бариулдаг байсан гэдэг. Ингэж хоёр дүүгээ асарч тойлох, хоол ундаа цуглуулж, хийх гээд л бяцхан охинд ахадсан ачаа үеийнхэнтэйгээ тоглож наадан, кино жүжиг үзэх, цаашлаад олон нийтийн ажлаас хөндийрүүлж байлаа. Найман настайдаа I сургуульд орсон цагаасаа эхлэн бусдаасаа овойж товойсон биш ч бас дутуугүй суралцаж гэрээдээ яарсан нэгэн байсан гэдэг.

Хэдийгээр тэр үед бүгдээрээ дүрэмт хувцастай, нэгнээсээ гойд ялгарах аргагүй байсан ч хичээлийн бус цагаар ангийнх нь охидын өмссөн зүүсэн түүнийхээс өдөр, шөнө шиг ялгаатай байдагт нь ичиж зовох тохиолдол бишгүйдээ л гарч байсан. Гэлээ гээд тэр байгаагаа цэвэрхэн өмсөх, бас хичээл номондоо л шамдаж байснаас бус хөөрхий ээжийгээ зовоож үзээгүй сайн охин байжээ. Угийн даруухан Ж.Оюунгэрэл тооны хичээлд дуртайнхаа хувиар математикч болохоор МУИС-д шалгалт өгч тэнцэв. Намар нь САА явахаар болоод байтал дотоодын сургуульд өндөр оноо авсан хүүхдүүдийг гадаадын сургуульд элсүүлнэ гэсэн зар сонсоод очиж шалгалт өгөөд тэнцэж орхих нь тэр. Тэр үеийн дарга нар хүүхдүүдээ дагуулан орж гадаадын аль гайгүй хуваарийг авдаг байсан цаг. “Би тэгэхэд ганцаархнаа очоод янз бүрийн геологи, уул уурхайн сургуулиуд дотроос Нефтийн олзворлолтын эдийн засагчийн ангийг сонгосон нь хүсэл сонирхол биш ердөө л алтан Москваг сонгосон хэрэг байлаа” гэж Ж.Оюунгэрэл дурсан ярьсан байдаг.

1973 оны намар халаасандаа 30 рубльтэй охин хил давсан нь амьдралд хөл тавьж, хөгжиж дэвжихийн нь эхлэл байлаа. Эрхүүд нэг жил хэлний бэлтгэл хийгээд Москвад таван жил суралцсан хугацаанд түүнд бусдаас гойд ялгарах зүйл байсангүй. Сурлагын чанар ч гэсэн яг л дунд сургуульд байсан шиг ээ. Хаа очиж чөлөө зав ихтэй болсондоо ч тэр үү кино үзээд хааяа хичээл таслачихна. Мэдээж хэрэг ганц биеэрээ зүтгэж байгаа ээж нь илүүчлэх юмгүй учраас ирээдүйн бизнес эрхлэгч маань наймаа панз сонирхдог ч үгүй байлаа. Оюутан цагаа тэрбээр дүгнэхдээ “Миний хариуцлагагүй үе байсан юм уу даа” гэсэн нь бий. Ийнхүү Москвад таван жил боловсорсон залуухан сэхээтэн 1979 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Нефть хангамжийн баазад нягтлан бодогч-мэргэжилтнээр ажилд орон гурван жилийн дотор мэргэжлийн эдийн засагч болж чадлаа. 1981 онд барилгын зургийн мэргэжилтэй залуутай танилцаж гэр бүл болсноор үрийн зулай үнэрлэв.

Тэр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хүүхэд минь төрөөд уйлсан дуу бол миний амьдралдаа сонссон хамгийн сайхан авиа” гэж хүүхэдтэй болсон үеэ дурсан ярьсан нь гоо зүйн өндөр мэдрэмжтэй гэдгийг нь харуулдаг. Сурагч, оюутан ахуй цагтаа нэг л дүнсгэр, даруухнаасаа болоод бусдаас гойд ялгардаггүй байсан нь эрс өөрчлөгдөж ажил мэргэжилдээ чамбай болох нь дээд газарт үнэлэгдсэнээр 1982 оноос Тээврийн яамны Нефть Хангамжийн Удирдах газарт ахлах эдийн засагчаар дэвшиж ажиллахад хүргэв. Ж.Оюунгэрэл тэргүүтэй мэргэжлийн хүмүүс Нефть хангамжийн Удирдах газрыг Тээврийн яамнаас салгаж бие даасан аж ахуйн тооцоон дээр ажиллуулах ёстой гэсэн бодлого баримталж дээд газруудад саналаа ч оруулж байв. Энэ бол зүгээр нэг дундаж мэргэжилтэн байхаа болиод санаж, сэдэж, үүрэг хариуцлага хүлээх чадварт суралцсаныг илтгэж байгаа юм.

Энэ бол зүгээр нэг дундаж мэргэжилтэн байхаа болиод санаж, сэдэж, үүрэг хариуцлага хүлээх чадварт суралцсаныг илтгэж байгаа юм

1990 он гарч нийгмийн байгуулал солигдсоноор тэр үед НХУГ-ын  даргаар ажиллаж байсан Ж.Маньбадартай нийлэн Нефть хангамжийн нэгтгэл болгон зохион байгуулсанаар одоогийн “НИК”-ийн суурийг тавьсан юм. Энэ их айлыг хэн удирдах вэ? гэсэн асуудал гарч ирсэн нь зүйн хэрэг. Ж.Маньбадарыг дороос санал болгосон авч Ерөнхий сайд Д.Бямбасүрэн зөвшөөрсөнгүй. Гэтэл уг байгууллагын техник, эдийн засгийн тооцоог хийж гардан байгуулалцсан Ж.Оюунгэрэл хоёр хүний хамт нэр дэвшсэнээр түүн дээр санал тохиролцох нь тэр. Тэрбээр энэ том салбарыг авч явах эсэхдээ эргэлзэж, зүрхшээсэн боловч тухайн үед удирдлагын хүрээнд байсан Ж.Маньбадар, Б.Сүхбаатар нар “Чи байгууллагынхаа эрх ашгийн төлөө энэ алхамыг хийх ёстой” гэж зөвлөснөөр тэр дарга болсон түүхтэй. Хэдийгээр ажилдаа туршлагажиж мэргэшсэн боловч залуухан бүсгүй ямар хүнд бэрх цаг үе өмнө нь байгааг ердөө ч тааварлаж байсангүй. Ер нь түүний оронд хэн ч байсан ирээдүйг бодитойгоор харж чадахгүй байсан биз ээ. Монгол оронд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангиуд гарч эхэлсэн, ОХУ-тай харилцах харилцаа эрс хүйтэрсэн тэр үед нефть бүтээгдэхүүний үнийг хатуу валютаар (доллар) тооцохоор боллоо. Харамсалтай нь хойноос авдаг бүх тусламж зогсч, “Алт, дилерийн” гэгдэх хэргийн улмаас Монгол орон валютын нөөцгүй болсон байлаа. Үүнээс гадна шинээр гэрээ хэлэлцээр байгуулах шаардлага гарсан төдийгүй нефтийн олон улсын биржийн аль нэгийг сонгох шаардлага гарсан боловч олон улсын худалдаа хийх туршлага мэдлэггүйнхээ улмаас мухардалд ороод байв. 1991 оны өвөл Улаанбаатарын цахилгаан станцууд мазутгүйн улмаас зогсох дээрээ тулан хот хөлдөхөд бэлэн болоод байлаа. Тэрбээр Ерөнхий сайд дээр орон учир байдлаа тоочсоноор 300 мянган ам.долларыг шилжүүлэх үүргийг Улсын банкны ерөнхий хороонд өгүүлсэн боловч ямар ч боломжгүй гэсэн хариу өгч байлаа. Улс нэгэнт яаж ч чадахгүй нь гэдгийг ойлгосон Ж.Оюунгэрэл аргаа барахдаа Монголын урдаа барьдаг ганц үйлдвэр болох “Эрдэнэт” рүү хандахаас өөр аргагүйд хүрчээ. “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэг агсантай ойлголцож чадсанаар “Гурвалсан гэрээ” гээч зүйлийг хийж байж Улаанбаатар хот болон олон аймгийн төвийг хөлдөхөөс аварсан гэдэг. Зэсийн баяжмалаас орж ирэх ам.долларыг Оросын нефтийн компаниуд руу шилжүүлсэнээр асуудлыг шийдэж чаджээ. Үүний улмаас “Эрдэнэт” үйлдвэр ч хүнд байдалд орж удирдлагууд нь “Ийм хүнд үед машин техник гэж байхаар морь, тэмээгээ унавал таарна” гэж унтууцаж байсан гээд бодохоор эрхбиш нэг юм бодогдох биз ээ. Ж.Оюунгэрэл ингэж чадварлаг бизнесмэн болсон төдийгүй Монгол улсын эдийн засгийн хувь заяаг нуруундаа үүрэлцэж байсан юм.

Ийм хүнд үед машин техник гэж байхаар морь, тэмээгээ унавал таарна

1995 онд уг нэгтгэл Нефть импорт концерн буюу “НИК” ХК болж түүнийг удирдлагаар нь улираан сонгов. Бүх аймаг, суманд салбартай энэ нүсэр бүтэц бүхий компанийг жилдээ 40-70 сая долларын бараа эргэлттэй Монголын тэргүүлэх байгууллага болгож чадлаа. Гэсэн ч үнийг хүчээр барьж байснаас алдагдал нь хэрээс хэтэрч хотод хийсэн жаахан ашгаараа хөдөөх алдагдлаа нөхөж байсан нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн хэрэг байв. Ж.Оюунгэрэл уг алдагдлыг суурь үнэ чөлөөлөх аль эсвэл үнэ бага зэрэг нэмэхэд л арилгаж болно гэж үзэж санал хүсэлт тавьж байсан боловч Засгийн газар үнэ нэмэхийг хориглож хүчээр барьж байв. Гэвч тэр “НИК” компанийн эрхэм зорилго, стратегийг тодорхойлж Азид өөрийн гэсэн байр суурьтай болохыг зорьж, бие даасан үйл ажиллагаа явуулах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, бүтцийг өөрчилж, санхүүгийн менежментийг нэвтрүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх алхам хийж байв. Түүнчлэн дэлхийд нэртэй Шелл, Мобил зэрэг компанитай харилцаа тогтоож, Малайзын Петронас, Францын Тотал, Сингапурын нефтийн компаниудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан гээд бүхнийг цоо шинээр бий болгож чадсан билээ.

1996 оны УИХ-ын сонгуулиар сөрөг хүчин анх удаагаа ялалт байгууллаа. Засгийн газар эмхлэгдэн байгуулагдсан дороо л Ж.Оюунгэрэлийг намын харъяаллаар ажлаас нь халах нь тэр. Ж.Оюунгэрэл энэ шийдвэрт огтхон ч цочирдсонгүй. Улс орны эдийн засагт нөлөөлөхүйц чухал сал­бар учраас энэ шийдвэрийг зүйн хэрэг гэж хүлээн авчээ. Ингээд ажилгүй болсон учраас гурван сар орчим гэртээ суулаа. Нөхөр нь бага сага ганзагын наймаа эрхэлж байсан болохоор ямар ч байсан хоолтойгоо байсан гэдэг. Харин хориод жил шахам ажилласаар зүгээр сууж чадахаа больчихсон түүнд богино боловч энэ хугацаа яг л шийтгэл шиг байсан юм. Нэг өдөр тэр толинд өөрийгөө хараад “Шал дургүй нь хүрсэн” аж.

Гадагшаа гаралгүй суусаар биеэ зөнд нь хаяж байснаа тэр мөчид л ухаарчээ. “Ямар ч байсан ажил хийх хэрэгтэй” гэж өөртөө хэлээд байсан тэр мөчид Ч.Давааням, Т.Энхжаргал нар түүн дээр орж ирсэн гэдэг. Бизнес хийгээд овоо хөл дээрээ зогсчихсон байсан энэ хоёр хүн нефтийн бизнес эрхэлж хамтарч ажиллах санал тавьжээ. Тэр үеэр Засгийн газар нефть бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн байсан нь энэ салбарт хувийн хэвшил хөгжиж, чөлөөт өрсөлдөөн бий болох хөрс суурь тавигдсан гэсэн үг. Үнэндээ нефтийн бизнес эрхлэх туршлага чадвартай хүн тэр үед Монголд түүнээс өөр байгаагүй юм.

Энд тэнд бага зэрэг шатахууны бизнес хийгдэж бай­сан боловч тэр нь тийм ч далайцтай биш байжээ. Тэр хоёр ч гэсэн бага сага шатахууны наймаа хийж байжээ. Нэг сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулах компанийн 21 хувийг Ж.Оюунгэрэлд эзэмшүүлэхээр болов. Энэ нь менежментийн хөлс юм шиг атлаа өөрийн ноогдох хувиа ноогдол ашгаасаа төлсөөр гурван жилийн дотор барагдуулж, нэмэгдүүлсэн байдаг. “Петровис” буюу “Нефтийн ирээдүй” гэсэн товчилсон нэрийг Ж.Оюунгэрэл санал болгосноор энэ салбар дахь анхны хувийн хэвшлийн том компани үүдээ нээсэн түүхтэй. Ж.Оюунгэрэл гэрээрээ офис хийж бизнесээ эхэлсэн бөгөөд дараа нь 13-р хороололд офистой болжээ. Тэрээр ОХУ руу явж нефтийн  компаниудтай  гэрээ хэлэлцээр хийхэд оросууд таатай хүлээн авч түүнд туслахыг хичээж байсан гэдэг.

Хэн чадна-тэр хүн л “Петровис”-д ажиллах ёстой. Мөн ажилдаа үнэнч ханддаг хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн

Харин нефтийн агуулах болон бүтээгдэхүүнээ жижиглэнгээр борлуулах цэггүйн улмаас хүнд байдалд оров. Амгаланд нэг хүнээс агуулах сав бас өөр хүнээс ШТС худалдаж авсан нь ажлыг арай урагштай болгожээ. 1997 онд л гэхэд 13 мянган тонн шатахуун импортлож байсан бол одоо энэ тоо 200-гаад мянган тонн болтлоо өсч чадсан байна. Тэр үед газрын зөвшөөрөл авахад арай хялбар байсан нь бас л нэмэр болж байлаа. Тэгээд ч Америкаас зөөврийн хөдөлгөөнт ШТС-уудыг оруулж ирсэнээр сүлжээгээ жилд 1-2-оор нэмэгдүүлж чадсан юм. 1997 онд компаниа байгуулахдаа Ж.Оюунгэрэл, Ч.Давааням хоёр Ш.Отгонбилэг агсан дээр явж очжээ. Тэдний хувьд Ш.Отгонбилэг агсантай өмнө нь хамт ажиллаж, гар нийлж сурсан бол Ч.Давааням нь талийгаачтай багын найзууд байсан аж. “Петровис” компа­нийн дүрмийн санд өөрт ноогдох хувиар хөрөнгө оруулснаар тус компанийн хувь нийлүүлэгч болсон түүхтэй. Нефтийн бүтээгдэхүүний хангамж, борлуулалтын  салбарт сүүл рүүгээ хувийн компаниуд олширч байсан боловч Ж.Оюунгэрэлийн хувьд ганцхан өрсөлдөгчтэй байлаа. Тэр нь өөрийнх нь бий болголцсон “НИК” ХК юм. Гэвч “НИК” ХК-ийн удирдлагууд олон удаа солигдож байснаас болоод ашиг орлого олох нь бүү хэл алдагдалтай байсан гэдэг. Харин Ж.Оюунгэрэл “Петровис” компаниа амжилттай удирдсанаар ашиг орлогыг нь геометр прогрессоор өсгөн хөл дээр нь зогсоож чадсан юм.

Даатгалын салбарт “Прайм даатгал” компанийг байгуулсан нь сайн ажиллаж байгаа юм. Мөн шатдаг хий борлуулах “Юнигаз” компани нь энэ чиглэлийн зах зээл дээр тэргүүлэгч нь болж чаджээ. Ж.Оюунгэрэл хатагтайг “НИК” ХК-иас салгаж ойлгоход бэрхшээлтэй болох нь өмнө өгүүлэгдсэн. Тийм ч учраас тэрбээр “НИК” ХК-ийг хувьчлах тендерт оролцсон юм. Тэрээр “НИК”-ийн хувьчлалд оролцох болсноо хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарладаг. Уг компанийг анхлан бий болгож, хамаг л авъяас билгээ шавхаж байж одоогийн өнгө төрхөнд нь оруулсаныхаа хувиар бас “Петровис”-ийн удирдах ажилтнууд “Та мөнгө ол, бид ажлыг нь хийе” гэж урам зориг өгсөн учраас, тэгээд ч үндэсний том компаниа гадныханд алдахгүй гэсний үндсэн дээр уг хувьчлалд оролцсон гэдэг.

Ингээд 2004 оны гуравдугаа сарын 10-нд 8.5 сая ам.доллараар “НИК” ХК-ийн 80 хувь “Петровис” компанийн мэдэлд шилжсэн байна.

Ж.Оюунгэрэлтэй нэгэнтээ уулзан ярилцаж суухад “Нефть олзворлолтоор дэлхийд толгой цохьдог ОХУ-ын хувьд манай зах зээл дэндүү жижигхэн. Тэр чинээгээрээ нэр нүүрээ өндөрсгөх шаардлага байсан учраас “Петровис”-оо томруулахыг хүсч байсан” гэж билээ. Ингэж энэ салбарын тэргүүлэгч хоёр компани нэгэн удирдлагад орсноор Монголын зах зээл гадны халдлагаас найдвартай хамгаалагдаж чадсан гэж хэлж болно. “НИК” ХК-ийг авсаныхаа дараагаар санхүүг  нь сонирхоход дургүй хүрэм зүйлс ажиглагдаж байсан гэж “Петровис”-ийн нэг менежер ярьсан байдаг. Жилдээ хоёр тэрбумын алдагдалтай, дээрээс нь шатахууныхаа үнэд хулхи барааг хэд дахин өндөр үнээр шахдаг байсан гээд  олон увайгүй зүйлс хийгдэж байж. Бас авлага нь дэндүү их. Ийм л бугшсан, хүнийрхүү хүмүүс зөвхөн хувьдаа ашиглах л гэж энэ компанийн удирдлагад гарч байсан аж.

Одоо “НИК” алдагдлаасаа гарч чаджээ. Мөн Ж.Оюунгэрэл хатагтайн хувьд нефть бүтээгдэхүүнийг зөвхөн импортлоод байх нь тийм ч хангалттай санагддаггүй. Монголчууд өөрсдөө нефть олборловол улс орны эдийн засагт үнэлж барамгүй ач холбогдолтой гэж тэрбээр боддог. Ийм ч учраас 2004 онд “Петро-Матад” хэмээх нефть хайгуул, олзворлолтын компани байгуулан ажиллаж байна. Тэр Дорнодын тал нутгаас нефть гарч, монголчууд өөрсдөө олборлоно гэдэгт итгэж явдаг. Нийт компаниудын хэмжээгээр 40-өөд тэрбумын татвар төлдөг 2000 ажилчинтай нүсэр “айл”-ыг удирдана гэдэг амаргүй хэрэг.
Тэрбээр үүний тулд чадварлаг баг бүрдүүлэх хэрэгтэй л гэж үздэг. Тиймээс ах, дүү, танил тал гэхээсээ илүүтэйгээр “Хэн чадна-тэр хүн л “Петровис”-д ажиллах ёстой. Мөн ажилдаа үнэнч ханддаг хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ Ж.Оюунгэрэл нуудаггүй. Тэр хэрээр нь нийгмийн асуудлыг нь орхигдуулж болохгүйг мэдэрч чаддаг боловч хэтрүүлж үнэлбэл монголчууд даврамтгай гэдгийг ч энэ хатагтай бас мартдаггүй юм шиг санагддаг.

Хүүхдүүдээ ч гэсэн эрхлүүлээд байдаггүй нь зөв хүмүүжил олоход нь ихээхэн нөлөөлсөн болов уу. Хүү нь бизнес эрхэлбэл дэмжинэ гэдгээ хэлэхэд эелдгээр татгалзаж интерьер дизайны чиглэлээр сурч энэ чиглэлээр ажиллана гэсэн ажээ. Мөн охин нь ч гэсэн өөрийнхөө бизнесийг өөрөө л босгоно хэмээн зүтгэж яваа нь өсвөр, залуу үед авууштай чанар гэж хэлж болно. Өөрийнхөө амьдралд бий болгосон зарчмууддаа үнэнч яваа энэ хатагтай худлаа ярих, урвахыг үзэн яддаг. Ёстой оросуудын хэлдгээр “Тагнуулд хамт явж чадах хүн” хэмээн өөрийгөө тодорхойлсон нь бий.

Хүнд туслахын тулд хатуу байх хэрэгтэй. Буруу хүнд туславал тус биш ус болж, тэр хүндээ зовлон авч ирвэл өөрт ч хэцүү. Тэгэхлээр хүний төлөө “Үгүй” гэдэг үгийг хэлж чаддаг байх ёстой гэсэн зарчим баримталдаг

Манайхан бизнес эрхлэгчдээ далайн ус шиг л арвин хөрөнгөтэй мэт санаж элдвийн тусламж гуйх нь бий. Харин энэ асуудал дээр тэр ихээхэн болгоомжтой ханддаг юм билээ. Хүнд туслахын тулд хатуу байх хэрэгтэй. Буруу хүнд туславал тус биш ус болж, тэр хүндээ зовлон авч ирвэл өөрт ч хэцүү. Тэгэхлээр хүний төлөө “Үгүй” гэдэг үгийг хэлж чаддаг байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Гэхдээ түүний байгуулалцсан клубынхан хорт хавдрын эсрэг буяны ажилд гар таталгүй оролцсон гээд тоочоод байвал хийсэн бүтээсэн ажил нь цөөнгүй.

Бодсон санаснаа илэн далангуй хэлэхээсээ айгаад байдаггүй Ж.Оюунгэрэл захирлыг хамт ажиллагсад нь “Их цагаан хүн” гэдэг юм билээ. Энэ нь ч офис дахь амралтынхаа өрөөний интерьерийг дан цагаан өнгийн тавилга сонгосноор нь илэрхийлж болох талтай. Хүн өөрийнхөө төлөө зөвхөн өөрөө л тэмцэх хэрэгтэй гэдгийг нэгэн насныхаа амьдралаар харуулж чадсан энэ эмэгтэйн бизнесийн амжилт нь бусдыг араасаа дагуулж, удирдах чадварт л түшиглэдэг байх хэмээн бодно.

Эх сурвалж: mass.mn

 

Холбоотой мэдээ