Жолоочдоос Covid-19 илэрсэнтэй холбоотойгоор Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоног хаана

2020-10-31

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаанаар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэлээ.

Энэ нь хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, цар тахлын хоёр дахь давлагааны улмаас олон орон хөл хориогоо чангатган, хилээ хаах, онц байдал тогтоох хүртэл арга хэмжээ авч байгаатай холбоотой юм. Ялангуяа сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа жолооч нараас халдвар илэрч байгаа нь байдлыг улам эрсдэлтэй болгож байна.

Одоогоор 30 жолоочоос халдвар илэрсэн бөгөөд өчигдөр гэхэд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолооч халдвар авсан нь тогтоогдсон юм. Цагааннуур, Боршоо боомтоор голчлон нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа баруун аймгуудын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ