Хогийн саванд хаягдан үлдсэн хүүхэд таалал төгсөжээ

2020-11-04

Аравдугаар сарын 1-ний өдөр ЭХЭЭС ТӨРСӨН даруйдаа ээждээ хогийн саванд хаягдан үлдсэн хүү нас барсан харамсалтай мэдээлэл ирлээ.

Энэ талаар бид ЭХЭМҮТ-өөс тодруулахад, 1100кг эрэгтэй хүү дэлгүүрийн хогийн савнаас олдсон гэсэн өгүүлэмжтэй аравдугаар сарын 1-ний өдөр ирсэн. Энэ хугацаанд биеийн байдал хүнд эмчилгээ хийлгэж байгаад өнөө өглөө үүрээр нас барсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, бяцхан хүү эмчлэгдэж байх хугацаандаа 2 ч удаа хүнд хэлбэрийн хагалгаанд орсон ба сүүлийн хагалгааны дараа биеийн байдал хүндэрч ийнхүү хорвоог орхижээ.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж хүүгийн төрсөн аавыг олж тогтоосон байна. Хүүг эмнэлэгт төрсөн аав нь асарч байсан билээ.

Хэрэг явдлыг нэхэн сануулбал,аравдугаар сарын 1–ний өдөр “ариун цэврийн өрөөнд хүүхэд уйлаад байна” гэж үйлчлүүлж байсан иргэн хэлжээ. Ийнхүү дэлгүүрийн ажилчид хүүхдийг хогийн савнаас гаргаж 103-т дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Түргэн тусламжийнхан ирж хүүхдийг аваад явсан байдаг юм.

Бид энэ талаар хэрэг гарсан өдрийн маргааш нь ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулсан. Тэрээр хэлэхдээ:  Хүүхдээ ариун цэврийн өрөөнд төрүүлээд хогийн саванд хаяад явсан эмэгтэй нь 22 настай болох нь тогтоогдсон. Түүнчлэн тухайн эмэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг өгч байсан.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр,хүүхдээ хогийн саванд хаяад явсан эмэгтэй хүүхдээ амьд гэдгийг мэдээгүй. Мөн хогийн саванд хүүхдээ хийхдээ кофений шаарыг хүүгийн ам, хамар руу хийгээд хаясан байсан. Тиймээс хүүгийн цусанд халдвар орж бие нь муудсан гэв.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ээж нь хүүгээ ариун цэврийн өрөөнд төрүүлсэн даруйдаа суултуурт урсгах гэж оролдсон байсан талаар бичсэн байсан. Мөн хүүгийн ам болон хамар руу нь шаар ихээр чихсэн байсан нь хүүгийн биеийн байдал муудахад хүргэжээ.

Одоогийн байдлаар хүүг төрүүлээд хогийн саванд хаясан 22 настай эмэгтэйг хүнийг санаатай алах, бага насны хүүхдийн амь насыг хөнөөх гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэг эцэслэн шийдэгдвэл, талийгаач хүүгийн ээж 15 жилээс дээш жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.

Холбоотой мэдээ