Цаазын ял ба ХЭҮК-ын гишүүдэд нэр дэвшигчдийн байр суурь

2020-11-05

Намрын чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ гишүүд болоод бие даасан бүтэц болон өргөжихөөр хүлээгдэж буй Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнийг томилох учиртай. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаа өгөөд хагас жил болж байна. Тус албан тушаалд горилж байгаа хүмүүс ч цөөнгүй бий.

ХЭҮК өмнө нь гурван гишүүнтэй байсан бол шинээр батлагдсан хуулиар комиссын гишүүдийн тоог тав болгон нэмэгдүүлэх, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонссон юм. Энэ дагуу ойрын өдрүүдэд УИХ комиссын гишүүдийн томилгоог хэлэлцэхээр товлоод байгаа юм. Ингэхдээ доорх таван хүнийг УИХ-д танилцуулна. Процедурын хувьд парламент буцаах эрхтэй.

ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА

Хуульч Ж.Хунан

Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форумд төслийн зөвлөх, “Партнерс форевер” хуульч. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Хуульч, судлаач Б.Энхболд

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч.

Шинжээч Г.Нарантуяа

Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004 оноос ХЭҮК-т референт, ажлын албаны дарга, Австралийн Үндэсний их сургуулийн докторант судлаач хийж байгаад 2018 оноос бие даасан шинжээчээр ажиллаж байна.

Хуульч эрхзүйч Д.Сүнжид

Өмгөөлөгч, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч,  Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна.

Хуульч Х.Мөнхзул

Сонгинохайрхан дүүргийн шүүх “Нарийн бичгийн дарга”, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”, Хүний эрхийн үндэсний комисст ажилласан.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдээс цаазын ялыг дэмждэг эсэх талаар асуусан юм.

Хуульч Ж.Хунан:

-Цаазын ялыг би хувьдаа дэмждэггүй. Цаашдаа  ч үүний эсрэг байна. Олон улсад ч тэр Монголд хийсэн судалгаанаас харахад цаазын ял  нь гэмт хэрэг үйлдэхээс  урьдчилан сэргийлдэггүй нь батлагдсан. Цаазын ял нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог. Тиймдээ ч төрд хүний амийг санаатайгаар авах эрхийг хэн ч олгоогүй. Угаасаа ийм эрх  ч байж болохгүй.

Шинжээч Г.Нарантуяа:

-Хэрэв Монгол Улс цаазын ялыг зөвшөөрлөө гэж бодоход хүнлэг энэрэнгүй байх зарчмыг тунхагласан Үндсэн хуульд нийцэхгүй.  Хоёрдугаарт энэрэнгүй төрийн зарчим нь  хүн төрөлхтний ёс зүйн чухал үнэт зүйл. Үүнийг бид хамгаалах ёстой болохоос одоо байгаа төвшнөөсөө доошоо унаж болохгүй.

Хуульч, судлаач Б.Энхболд:

-Цаазаар авах ялыг дэмждэггүй. Цаазын ял нь буцаагаад нөхөж залруулж болдоггүй ял шийтгэлийн нэг хэлбэр. Ер нь Монгол Улсын Эрүүгийн бодлого нь бие махбодын шинжтэй ял шийтгэлийн бодлогоос татгалзаад тодорхой хугацааг өнгөрөөсөн.

Хуульч Х.Мөнхзул

-Миний хувьд ч мөн адил цаазаар авах ялыг дэмждэггүй. Учир нь цаазаар авах ял нийгэмд хор хөнөөлтэй хамгийн харгис ял. Монгол Улс  цаазаар авах ялыг халах олон улсын гэрээнд нэгдэн орсон. Тиймдээ ч энэ гэрээнээсээ ухрах үндэслэл байхгүй гэж үзэж байна.  Цаазын ял нь гэмт хэргийг бууруулдаггүй гэдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Төр өөрөө хүний суурь эрх болсон амьд явах эрхийг хязгаарлах нь зохисгүй. Нөгөө талаасаа иргэдийн зүгээс хүүхдийн эсрэг ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг дээр цаазаар авах ялыг дэмжсэн өнгө аяс харагдсан. Үүнээс харахад ураг төрлийн хооронд үйлдэгддэг бэлгийн хүчирхийлэлд цаазын ялыг ашигласнаар энэ төрлийн гэмт хэрэг улам далд хэлбэр рүү шилжих эрсдэлтэй гэж харж байна.

Хуульч эрхзүйч Д.Сүнжид:

Цаазаар авах ялыг хоёр үндэслэлээр дэмждэггүй. Нэгдүгээрт олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улс зохих журмын дагуу нэгдэн орсон. Түүнээс татгалзах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа урьдчилан сэргийлэх  дадал чадвар хандлага суулгахыг эрмэлзэх зорилготой. Харин цаазаар авах ял нь энэ зорилгодоо хүрэхгүй. Ямарваа нэгэн жигшүүрт гэмт хэрэг гарахаар иргэдийн зүгээс  цаазаар авах ялыг сөхөж ярьдаг учраас үүнтэй холбоотой зөв мэдээлэл ойлголтыг иргэдэд өгөх шаардлагатай.

Налайхын зам дээр монгол хүний амьп явах эрх зөрчигдөж болзошгүй аюултай зүйл юу байна вэ гэсэн асуултад нэр дэвшигчид дараах хариулт өглөө. 

Хуульч эрхзүйч Д.Сүнжид:

-Налайхын зам дээр хүний эрхийн зөрчил байна гэж анзаарч харж байгаагүй юм байна.

Хуульч Х.Мөнхзул:

-Налайхын замд  унадаг дугуйтай хүн, явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн явах хэсэг  байхгүй байсан.

Хуульч, судлаач Б.Энхболд:

Анзаарч байгаагүй  юм байна. Гэхдээ хувь хүнийхээ үүднээс  хүний эрхийн зөрчил байж болох нэг зүйл нь замын голын тусгаарлах хэсэгт тавьсан бетон цементүүд өвөл цас ороход нэг эгнээг бүхэлд нь хаах аюултай.

-Шинжээч Г.Нарантуяа:

Машин барьдаггүй. Налайхын замаар явж үзээгүй учраас хариулах зүйл алга.

Хуульч Ж.Хунан:

-Налайхын замд надад хоёр зүйл ажиглагдсан. Хоёр эгнээ зам явж байгаад дотор эргэлт нь шууд буцаж эргэх байдлаар зохицуулагдсан байсан. Үүнээс болоод  машинууд эгнээ зөрчиж хоорондоо мөргөлдөж осолдох аюултай. Нөгөө талаараа гэрэлтүүлэг дутмаг санагдсан.

Холбоотой мэдээ