Оросын тэрбумтнууд энэ онд 27,6 тэрбумын хөрөнгөө алдав

2020-11-05

2020 он гарсаар Оросын долларын тэрбумтнуудын нийт хөрөнгө 27,64 тэрбумаар буурлаа, хамгийн их хөрөнгөө алдсан хүн нь “Лукойл”-ийн хамтран эзэмшигч Вагит Алекперов байлаа хэмээн Bloomberg Billionaires Index (BBI) мэдээллээ. Вагит Алекперовын хөрөнгө 8,5 тэрбум ам.доллараар буурсан байна.

Bloomberg Billionaires Index (BBI)-ийг тухайн хүний эзэмшиж буй хувьцааны хэмжээ, хувьцааны үнийн өөрчлөлтөөр гаргадаг байна. BBI-ийн чансааны жагсаалтад нийт 500 тэрбумтан байдаг бөгөөд үүнээс 24 орос иргэн багтдаг.

Жагсаалт дахь оросуудыг “Норникель”-ийн үндсэн эзэмшигч Владимир Потанин тэргүүлж байгаа ч энэ онд түүний хөрөнгө 3,25 тэрбумаар буурч 24,8 тэрбум болсон байна. Түүний ард хоёрдугаарт НЛМК-ийн эзэмшигч Владимир Лисин жагсч байна. 2020 онд түүний хөрөнгө 456 сая ам.доллараар буурч 20,9 тэрбум болжээ.

Гуравдугаар байрт “Северсталь”-ийн эзэмшигч Алексей Мордашов орсон бөгөөд түүний хөрөнгө 1,21 тэрбумаар буурч 18,7 тэрбум ам.доллар болжээ. Алексей Мордашов өнгөрсөн жилийн жагсаалтад дөрөвт байсан бөгөөд өнгөрсөн жилийн гуравт байсан “Новатэк”-ийн хамтран эзэмшигч Леонид Михельсоны хөрөнгө энэ жил 5,25 тэрбумаар буурч 19,3 тэрбум болж дөрөвдүгээр байр руу ухарчээ.

Эдний араас “Металлоинвест” болон “Мегафон”-ы эзэн Алишер Усманов, “Evraz” компанийн эзэн Роман Абрамович нар /тус бүр 15,5 тэрбум/, “Еврохима” болон СУЭК компанийн эзэн Андрей Мельниченко, “Ренова”-гийн эзэмшигч Виктор Вексельберг /тус бүр 14,4 тэрбум/, “Лукойл”-ийн хамтран эзэмшигч Вагит Алекперов /13,8 тэрбум/, “Альфа-групп”-ийн эзэмшигч Михаил Фридман /13,4 тэрбум/ нар эхний 10-т багтжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ