Н.Ганболд: “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”

2020-11-18

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн  энэ хүнд цаг үед, олон нийтийн цахим орчинд Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл удаа дараалан гарч байна. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд энэхүү мэдээлэлд албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Тэрбээр хэлэхдээ, “Жонхуугийн Сүрсүх нэртэй фэйсбүүк хуурамч хаягаас улсын хилийн аюулгүй байдалтай холбоотой гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл энэ сарын 17-нд түгээсэн байна. Тодруулбал, “Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо.

Монгол Улсын Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, ард иргэд гадуур гарч эвлэлдэн нэгдэж чадахгүй болсон энэ үед Хятад-Монгол хилийн дэглэмийн гэрээгээ шинэчлэх гэж байна. Тухайлбал Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо. Ийнхүү Хятад улс Монгол Улсын нутаг руу хилийн шугамаа 19 км дотогш байрлуулж, Монгол Улс газар нутгаасаа Хятадын талд өглөө. Хөл хорионы үед хилийн шугамаа манай тал ухрааж, Хятадын тал урагшлуулах болсон байна” гэсэн мэдээлэлийг фэйсбүүк хуудастаа байршуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын хилийг хуулиар бататгана” гэж хуульчлан баталгаажуулсан байдаг.

Мөн Монгол Улс нь БНХАУ-тай 4709.6 км хэсгээр хиллэдэг, 1962 онд хилийн гэрээ байгуулж, Монгол Улс улсын хилээ 1962-1964 онд одоогийн оршин байгаа газар орон дээр тогтоон тэмдэглэсэн. Түүнчлэн 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан. Мөн тус улстай хилийн дэглэмийн гэрээг 1988, 2010 онд шинэчлэн баталгаажуулж, Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөн хэрэгжүүлж, ажиллаж байна.

Дээр дурдсан цахим орчинд тавьсан энэхүү мэдээлэл нь олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн, нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн. Улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Хил хамгаалах байгууллагаас үзэж, Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандах болно.

Монгол Улс, БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй бөгөөд дээр дурдсан мэдээлэл нь огт үндэслэлгүй, улсын хилийн шугам ямар нэгэн байдлаар хөдөлж, өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Холбоотой мэдээ