Байден муж улсын захирагч нартай коронавирусний нөхцөл байдлыг хэлэлцэнэ

2020-11-19

Жозеф Байден, Камала Харрис нар АНУ-ын Муж улсын захирагч нарын үндэсний холбооны гүйцэтгэх хороотой пүрэв гарагт теле бага хурал зохион байгуулж, коронавирусний нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэж Ардчилсан намын шилжилтийн үеийн багийн төлөөлөгчид лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

Теле бага хурлыг Делавэр муж улсын Уилмингтон хотод зохион байгуулна. Дээр дурдсан холбоо нь 1908 онд байгуулагдсан бөгөөд Америкийн 50 муж улс, АНУ-тай холбоотой таван газар нутгийн захирагч нарыг багтаасан улс төрийн хоёр намын байгууллага юм.  Холбооны гүйцэтгэх хороонд Бүгд найрамдах намын дөрвөн, Ардчилсан намын гурван гишүүн багтдаг байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа эрх мэдлээ шилжүүлэх үйл явцыг эхлүүлэх хүсэлгүй байгаа нь шинэ коронавирусний вакциныг түгээж эхлэх хугацааг хэдэн сараар хойшлуулж магадгүй гэж санаа зовж байгаагаа  Байден лхагва гарагт илэрхийлжээ. Тэрбээр “Moderna”, “Pfizer ” компаниудын вакцин 95 орчим хувийн үр дүн үзүүлсэн талаар мэдээлснийг “асар их найдвар төрүүлсэн үйл явдал” хэмээсэн байна.

АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон билээ. Тус улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх хэрэгслүүдийн тооцоолсноор, Байден төрийн тэргүүний албан тушаалын төлөөх өрсөлдөөнд Дональд Трампыг ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдээс авах ёстой 270 саналыг авчээ. Тэрбээр сонгуульд ялснаа хэдийнээ зарласан бол хоёр дахь удаагаа өрсөлдөж байгаа Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Холбоотой мэдээ