Бразил улс Covid-19 вакцин үйлдвэрлэгч таван байгууллагатай санамж бичиг байгуулна

2020-11-23

Бразил улсын холбооны засгийн газар Covid-19 өвчний вакцин үйлдвэрлэгч таван байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болсныг тус улсын эрүүл мэндийн яам Ням гарагт мэдээлжээ.

Гэхдээ эдгээр үйлдвэрлэгчдийн вакциныг худалдаж авах баталгаа өгөхгүй бөгөөд эцсийн шийдвэрийг засгийн газар гаргах гэнэ.

Санамж бичиг байгуулах үйлдвэрлэгчид нь АНУ-ын Pfizer, Moderna, Johnson & Johnson компаниуд, Энэтхэгийн Bharat Biotech компани, ОХУ-ын Спутник V вакциныг санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан байх ажээ.

Дээрх таван байгууллагаас ирүүлсэн бичиг баримт дээр Бразилын эрүүл мэндийн яам хууль эрх зүйн болон техникийн шинжилгээ хийсний дараа хэзээ, яаж худалдаж авах нөхцлийг засгийн газартаа оруулж хэлэлцүүлэх юм байна.

Бразил улс 200 сая хүн амынхаа гуравны нэг орчмыг хамруулах 142,900,000 тун вакцин худалдаж авахаар төлөвлөжээ.

Тус улсын хамгийн том муж болох Сан Пауло холбооны засгийн газраас тусдаа Хятадын Sinovac Biotech компанийн вакциныг турших, үйлдвэрлэх гэрээ байгуулаад ажиллаж байгаа.

“Халуун бүсийн Трамп” хочтой Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару энэ үйл ажиллагааг шүүмжилж, ямар нэг баримт нотолгоогүйгээр Хятадад үйлдвэрлэсэн вакцин найдваргүй хэмээн удаа дараа ярьж байв.

Бразил улс өнөөдөр коронавирусийн халдварын 6 сая тохиолдол, 169,000 орчим эндэгдэлтэйгээр цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн дэлхийн улс орнуудын гуравдугаарт бичигдэж байна.

Холбоотой мэдээ