Лионел Месси Барселона багаас явах хүсэлтэйгээ албан ёсоор удирдлагадаа мэдэгджээ

2020-08-26

Лионел Месси гэрээгээ цуцлах заалтыг үндэслэн Барсаг орхих хүсэлтэй буйгаа клубын удирдлагад мэдэгдлээ. Месси улирал бүрийн эцэст гэрээгээ бие даан цуцлах заалтыг гэрээндээ тусгасан аж. Аргентин тоглогчийн хүсэлтийг факсаар хүлээж авснаа Барсагийн удирдлага батлав. 700 сая еврогоор гэрээг хугацаанаас өмнө цуцлах заалттай гэрээ 2021 оны зургадугаар сарын 30-нд дуусна. Гэвч тавдугаар сарын 10-нд дуусах ёстой байсан Ла Лиг тахлын улмаас сунжирсан. Улирал дууссаны дараа Месси гэрээгээ бие даан үнэгүй цуцлах заалт гэрээнд байгаа аж. Аргентин залуу энэ заалтыг үндэслэн Барсагаас явах хүсэлтээ гаргажээ. Клубын зүгээс “Месси бие дааж гэрээгээ цуцлах үндэслэл байхгүй” хэмээн мэдэгджээ.

ЛИОНЕЛ МЕССИ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД РУУ?

Мессигийн ирээдүйн тухай ид яригдаж байгаа үед Испанийн Deportes Cuatro сайт нэгэн мэдээллийг хүргэлээ. Тэдний эх сурвалжийн хэлснээр Манчестер Юнайтед Мессиг багаа орхивол эгнээндээ нэгтгэхээр хөдлөх гэж бүх бэлтгэлийг хангаж байгаа ажээ.

Үүнд Мессигийн үлэмж цалин болоод наймааны шаардагдах бусад зардлыг тэд тооцон дотроо ярилцаж байгаа гэнэ.
Камп Ноугаас явж магадгүй гэдгээ Месси Рональд Куманд хэлснийг Каталоны радио RAC1 саяхан баталсан. 33 настай Аргентин эрийн гэрээний хугацаа 2021 оны зун дуусахаар байгаа юм.

Ювентус, ПСЖ, Ман Ситигээс эхлээд Мессиг авчирах хүсэлтэй багууд олон байгаа ч түүний гэрээг цуцлах 700 сая еврогийн нөхцөл асуудлыг ээдрээтэй болгож байна. 2017 онд түүнтэй 4 жилийн гэрээг сунгахдаа Барса энэ нөхцлийг оруулж өгсөн юм. Өмнө нь түүний гэрээг цуцлах үнэ 300 сая байв. Гэрээ цуцлах үнийг зах зээлийн ханшаас дээгүүр тогтоодог нь тухайн үнийг төлсөн тохиолдолд эзэмшигч клуб тоглогчийг хүссэн хүсээгүй явуулдагтай холбоотой.

Холбоотой мэдээ