“Энхсаран сувилалд гаднаас эд зүйл худалдаж авдаг, бөөнөөрөө сууж лайв хийдэг байсан гэх асуудлыг хуулийн дагуу шалгана”

2020-11-23

Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Энхсаран сувилалтай холбоотой асуудалд тайлбар өглөө.

Тэрбээр “Энхсаран сувилалтай холбоотой асуудлыг ЦЕГ шалгаж үзээд прокурорын байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар материалаа өнөөдөр хүргүүлсэн.

Өргөдөл гомдол шалгах ажлын хүрээнд 10 гаруй иргэнтэй уг асуудал холбогддог.  Өөрөөр хэлбэл хувийн секторын ЭМЯ-ны, онцгой байдлын алба хаагчид халдвар хамгааллын дүрэм журмыг урьдчилсан байдлаар зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа.

Маргаашаас эдгээр хүмүүсийг нэг бүрчлэн дуудна. Энхсаран сувилалд гаднаас эд зүйл худалдаж авдаг, бөөнөөрөө сууж лайв хийдэг, нийтийн нэг усанд ордог газартай байсан зэрэг асуудал яригдаж байна. Эдгээр асуудлыг хуулийн дагуу шалгаж, яллагдагчаар татах нь хуулийн дагуу явагдана.

Намайг Энхсарантай холбож ярьж байна. Миний хувьд сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй.

Хамт ажиллаж байсан 10 мянган хүний хадам ээж болгонтой холбогдоод байвал учир утгагүй. Хэн нэгнийг гүжирдэн гүтгэхээс илүү бодит байдлыг нийтэд мэдээлж байгаасай гэж хүсэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ