Израил Сирийн армид пуужингийн цохилт өгчээ

2020-11-25

Сирийн Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах систем Дамаск хот орчимд өгсөн Израилийн пуужингийн цохилтыг няцаасан тухай “Al Ekhbariya” телевиз Сирийн цэргийн командлал дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн эсрэг шинэ түрэмгий ажиллагаа явуулж, нийслэл хотоос өмнө зүгт орших Жебел аль-Маниа муж болон Эль-Кунейтра мужийн Рувейхана хот орчмын цэргийн байрлал руу довтоллоо” эх сурвалж онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, цохилтыг эзлэгдсэн Голаны өндөрлөгөөс өгчээ.

Сирийн цэргүүд их буугаар хамгаалах гал нээсэн боловч Израилын пуужинг устгаж чадсан талаар мэдээлэл байхгүй байна. Урьдчилсан мэдээллээр, халдлагын улмаас зөвхөн эд материалын хохирол учирч, цэргийн албан хаагчид амь эрсдээгүй байна.

11 дүгээр сарын 18-нд Израилын сөнөөгч онгоцууд Дамаск хотын орчим дахь Сирийн цэргүүдийн болон Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай хүчний отрядын байрлалуудад цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас гурван цэрэг амиа алдаж, нэг хүн шархдсан гэж “SANA” агентлаг мэдээлсэн байна. Харин “Al Arabiya”  телевизийн мэдээлснээр, найман объектод цохилт өгсөн бөгөөд 10 хүн амиа алджээ.

Холбоотой мэдээ