Израилын Ерөнхий сайдыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

2020-11-25

Умард Ирландад сөргөлдөөнийг зохицуулахад оролцсоныхоо төлөө 1998 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Дэвид Тримбл Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Заид Аль Нахайян нарыг 2021 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.

Нобелийн шагналын хорооны дүрэм журмын дагуу Тримбл энх тайвны шагналтан учир Нетаньяхуг нэр дэвшүүлэх шийдвэрийг хороо авч хэлэлцэнэ гэдгийг Израилийн Ерөнхий сайдын ажлын албаны мэдэгдэлд цохон дурджээ.

Израил, АНЭУ хоорондын харилцааг хэвийн болгохоор Биньямин Нетаньяху, Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж нартай тохиролцсон тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8 дугаар сарын 13-нд “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Израилын тал Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Бахрейнтай харилцаагаа хэвийн болгох тухай гэрээнд есдүгээр сарын 15-нд Вашингтон хотноо гарын үсэг зурсан билээ. Тухайн үед Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Арабын тус хоёр улстай эвлэрснийг Араб-Израилын мөргөлдөөнийг эцэс болгоход тус дөхөм үзүүлэх “түүхэн дэх эргэлтийн цаг мөч” хэмээн мэдэгдсэн юм.

Энх тайвны шагнал

Ард түмнийг нэгдэн нягтруулах, армиудын тоог бууруулах, энх тайвны асуудлаар хурал цуглаан хийх, үүнд олны анхаарлыг хандуулах үйл хэрэгт бусдаас илүү амжилт гаргасан, илүү ихийг хийж бүтээсэн хүмүүст Нобелийн энх тайвны шагналыг олгодог. Сүүлийн жилүүдэд энэ шагналыг тодорхойлох хэлбэр нэлээд өргөн хүрээнд тайлбарлагдаж байгаа учир шагналын хороо цөөнгүй удаа шүүмжлэлд өртжээ. Энэ шагналд сүүлийн жилүүдэд улс төрчид, хүний эрхийг хамгаалагчид, улс төрийн идэвхтнүүд, хүмүүнлэгийн байгууллагууд тодорсон байна.

Холбоотой мэдээ