Домогт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгслөө

2020-11-26

Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч, дасгалжуулагч асан Диего Марадона 60 насандаа таалал төгсжээ.

Аргентины “TN” телевизээр мэдээлснээр, тэрбээр 10 дугаар сарын 30-нд  үзлэг шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Хожим нь Марадона тархины мэс засал хийлгэсэн нь мэдэгдсэн юм. Хөлбөмбөгчин 11 дүгээр сарын 12-нд эмнэлгээс гарсан байна.

Түүнийг зүрхний шигдээс болсны улмаас нас барсан байж магадгүй гэж “Perfil” сонинд бичжээ. Тус сонинд мэдээлснээр, Марадонагийн цусны даралт огцом унасан байна, энэ үед тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ хамт байжээ. Түргэн тусламжийн эмч нар хөлбөмбөгчнийг аварч чадаагүй байна.

Марадоног таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес гурван өдрийн гашуудал зарлажээ. Түүнчлэн дэлхийн хөл бөмбөгийн одод Диего Марадонад хүндэтгэл үзүүлсээр байна. Марадонатай салах ёс гүйцэтгэх ёслол Каса Росада хэмээх Аргентины Ерөнхийлөгчийн ордонд болно.

“La Nacion” сонинд мэдээлснээр, салах ёс гүйцэтгэх ёслол пүрэв гарагт эхэлнэ. Хамгийн сүүлд Каса Росада ордонд арван жилийн өмнө Аргентины Ерөнхийлөгч агсан Нестор Кришнертэй салах ёс гүйцэтгэж байжээ.

Диего Армандо Марадона 1960 оны 10 дугаар сарын 30-нд Буэнос-Айрес хотын Виллья Фиорито дүүрэгт төржээ. Тэрбээр гурван настайдаа хөл бөмбөгийн бөмбөг бэлгэнд авч, бүх цаг заваа хөл бөмбөгт зориулжээ. Арван настайдаа тэрбээр “Архентинос Хуниорс” хөл бөмбөгийн клубийн идэрчүүдийн секци болох “Лос Себольитас” хүүхдийн багт элсэж, 16 нас хүрээгүй байхдаа анхны тоглолтоо хийжээ. 1977 онд Диего шигшээ багт тоглож эхэлсэн байна.

1981 онд Марадонаг Аргентины “Бока Хуниорс” баг 3.6 сая ам.доллароор худалдаж авчээ. 1982 оны ДАШТ-ий дараа тэрбээр “Барселона” клубтэй (Испани) анхны гадаадад гэрээгээ байгуулсан байна. Шилжүүлгийн хэмжээ 1.2 сая песет (8 сая ам.доллар) байсан нь тухайн үеийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй нь болж байв. “Барселона”-д байх хугацаандаа хөлбөмбөгчин 73 тоглолт хийж, 45 гоол оруулжээ. Марадона “Барселона” багийн бүрэлдэхүүнд Испанийн цом, Испанийн Лигийн цомыг хүртсэн юм.

1984 онд Марадона Италийн “Наполи” клубэд шилжсэн байна. Италид (1984-1991) тэрбээр хөл бөмбөгийн карьерынхаа хамгийн сайн жилүүдийг өнгөрөөжээ. 1991 онд хөлбөмбөгчин 15 сар эрхээ хасуулсан. Сэргээшийн шинжилгээгээр түүний цуснаас кокаины ул мөр илэрсэн юм.

Спортын карьерынхаа сүүлийн жилүүдэд (1995-1997) Аргентины “Бока Хуниорс” клубэд тоглож, 29 тоглолт хийж, 7 гоол оруулжээ. Түүний сүүлчийн тоглолтын албан ёсны огноог 1997 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр буюу Диего “Ривер Плейт” багийн эсрэг талбайд гарснаар тооцдог. 10 дугаар сарын 30-нд 37 насныхаа төрсөн өдөр Марадона зодог тайлж байгаагаа зарласан билээ.

Зодог тайлсныхаа дараа Марадона спортын тайлбарлагчаар ажиллаж байв. 2008-2010 онд Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан билээ.

Холбоотой мэдээ