Хатуу хөл хорио бизнес эрхлэгчдийн 96 хувийг хохироожээ

2020-11-30

Манай улсын хувийн хэвшлийн салбарт 1 сая гаруй хүн ажилладаг. Тэгвэл хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд нийт ААН-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол ердөө 2 хувь нь хэвийн ажиллаж байгааг МҮХАҮТ-аас хийсэн ээлжит судалгаа харуулжээ.

Цар тахлын тархалтыг хумих зорилгоор тогтоосон хатуу хөл хорио ААН, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан уг судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, хүнс, боловсрол, тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уул уурхай, ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 3500 гаруй ААН цахимаар оролцсон байна. Тэдгээр ААН-ийн 40 орчим хувь нь 100 хүртэлх сая төгрөг, 36 хувь нь 500 хүртэлх сая төгрөг, 11 хувь нь 1 тэрбум хүртэлх төгрөг, 12 хувь нь 1-5 тэрбум, 9 хувь нь 5-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Харин ажиллагсдын хувьд 54 хувь нь 19 хүртэлх, 25 хувь нь 200 хүртэлх, 8 хувь нь 200-аас дээш ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид байжээ.

Өнгөрсөн 5 дугаар сард мөн л МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар цар тахал ААН-үүдийн 57 хувьд нь маш их нөлөөлсөн гэсэн дүн гарч байсан бол 11 дүгээр сарын байдлаар энэ дүн 96 хувьд хүрч өсжээ.

Энэ хугацаанд хамгийн их хохирол амссан нь  аялал жуулчлалын салбар, түүний араас боловсрол, эрүүл мэнд, боловсруулах үйлдвэр, тээвэр, үйлчилгээ, худалдаа, барилгын салбарт бизнес эрхлэгчид жагсаж байна. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 1 хувь цар тахлын нөлөөнд автаагүй хэмээн хариулсан бөгөөд тэд ихэвчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллаж байна.

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон 11 дүгээр сарын 12-ний өдрөөс хойш 150 мянга гаруй ажлын байр хумигджээ.

Хэрэв хөл хориог 2020 оныг дуустал үргэлжлүүлбэл энэ тоо 430 мянга болж нэмэгдэнэ. Харин энэ байдал 2021 оны  3 дугаар сар хүртэл үргэлжилбэл 505 мянган хүн ажилгүй болно гэсэн тооцоо гарчээ. Ажилгүйдэл нэмэгдэнэ гэдэг ядуурал нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь цар тахлын эдийн засагт үзүүлэх хамгийн том сөрөг нөлөө гэж шинжээчид үзэж байгаа юм. Тиймээс ч өндөр хөгжилтэй орнууд бизнесүүдээ дэмжих замаар иргэдийнхээ ажлын байрыг хадгалахад ихээхэн ач холбогдол өгч буй. Харин манай улсын төр засаг ААН-үүдээ дэмжих дорвитой арга хэмжээ авахгүй байгааг МҮХАҮТ-аас шүүмжилж буй. Судалгаанд хамрагдсан ААН-ийн 53 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд өөрийн нөөцөөр ажлын байраа хадгалах боломжтой хэмээсэн бол, 31 хувь нь 1-3 сар, 8 хувь нь 4-6 сарын хугацаанд урсгал зардалаа төлөх боломжтой байгаа аж.

ААН-үүдийн 41 хувь нь цалин олгохгүй байгаа, 31 хувь нь сул зогсолтоор буюу цалингаа 60 хувиар тооцон олгож байгаа бол 28 хувь нь цалингаа бүтэн олгож байна хэмээжээ.

Бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй дараагийн том асуудал бол зээл төлөлт. МҮХАҮТ-ийн судалгаанд хамрагдсан ААН-ийн 72 хувь нь бизнесийн зээлтэй бөгөөд хэмжээгээр нь ангилвал 16 хувь нь 50 хүртэлх сая төгрөг, 24 хувь нь 50-100 сая, 31 хувь нь 100-500 сая, 20 хувь нь 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зээлтэй хэмээжээ. Үйл ажиллагаа нь доголдож, орлогогүй болсон ААН-үүд зээлээ төлөхгүй гэрээгээ зөрчвөл эд хөрөнгөө банкинд хураалгах нөхцөл үүснэ. Монгол Улсын Засгийн газар иргэдийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах болсон. Бизнесийн зээлтэй холбоотой шийдвэр Засгийн газраас гаргаагүй ч барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар бизнесийг сэргээх арга хэмжээ авахаар тусгасан. Ташрамд дурдахад 2020 он гарсаар Монголбанк хэд хэдэн удаа бодлогын хүүгээ бууруулсан боловч арилжааны банкуудын зээл олголт өмнөх оныхоос 2 их наяд төгрөгөөр хумигдсаныг МҮХАҮТ-аас тэмдэглэж байгаа юм.

Энэ хүнд үед ажлын байраа хадгалах, зээл, түрээсээ төлөх, гадаад түншүүдийнхээ өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зэргээс гадна төр засгаас гаргаж буй шийдвэрийн уялдаа холбоо, ойлгомжгүй байдал ч багагүй хүндрэл учруулж байгааг мөн дурджээ.

Бизнес эрхлэгчдийн 35 хувь нь халдвар хамгааллын дэглэмээ нарийн мөрдөж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэх сонихолтой байгаагаа илэрхийлсэн бол 5 хувь нь бүрэн зогсолтоо үргэлжүүлэх нь дээр хэмээн үзжээ.

Харин үлдсэн хэсэг нь ажиллагсдын тоогоо бууруулах, зайнаас ажиллах, хүчин чадлынхаа тодорхой хувийг ашиглан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой хэмээн хариулсжээ. Түүнчлэн татвар НӨАТ, НДШ, зээлийн эргэн төлөлт, хүү, түрээсийг хөнгөлөх, ААН-ийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөх зэрэг бодит дэмжлэгийг төр засгаас хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ