Ажилгүй болсон япончууд амиа хорлох нь ихэсчээ

2020-11-30

Дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачид цар тахал нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд хүчтэй нөлөөлж байгааг анхааруулсаар байгаа билээ. Ажилгүйдэл, нийгмийн тусгаарлалт, хөл хорионы улмаас бизнес нь дампуурах, орлогогүй болох, сэтгэлийн түгшүүр зэрэг нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд их бага хэмжээгээр нөлөөлдөг байна.

Японы Засгийн газрын тоо баримтад дурдсанаар, тус улсад зөвхөн аравдугаар сард амиа хорлосон хүмүүсийн тоо 2020 онд Covid-19 өвчний улмаас нас барсан хүмүүсийнхээс илүү гарчээ. Японд аравдугаар сард 2153 хүн амиа хорлосон бол тус улсад 2020 онд Covid-19-ийн улмаас 2087 хүн нас барсан байна. Энэхүү амиа хорлолттой холбоотой мэдээлэл нь өнгөрөгч 2019 оны аравдугаар сарынхаас даруй 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Магадгүй ийм нөхцөл байдлын улмаас Японы Засгийн газар өдийг хүртэл хатуу хөл хорио тогтоохоос зайлсхийж байж мэдэх юм. Япон улс нь амиа хорлолтоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсын 100 мянган хүн тутмын 18,5 нь амиа хорлодог байна. Амиа хорлолтын голлох шалтгаан нь ажлын ачаалал, сургуулийн дарамт, эргэн тойрныхны гутаан доромжлол байдаг аж.

2019 оны хувьд амиа хорлолт 1978 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч, 20 мянгаар буураад байсан ч цар тахлын улмаас дахин огцом нэмэгдэж эхэлсэн байна.

Амиа хорлогсдын ихэнх нь эмэгтэйчүүд байгаа ба аравдугаар сард л гэхэд эмэгтэйчүүдийн амиа хорлолт өмнөх оны мөн үеийнхээс 83 хувиар өссөн бол эрэгтэйчүүдийнх 22 хувиар өсчээ. Тус улсын хувьд эмэгтэйчүүд ихэвчлэн цагийн ажил хийдэг байна. “CARE” олон улсын байгууллагын мэдээлснээр, цар тахлын үед эмэгтэйчүүд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарах нь 27 хувиар нэмэгдсэн бол эрчүүдийнх 10 хувиар нэмэгджээ.

Эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн ажлын байраа хадгалж үлдэхээс гадна хүүхэд, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд санаа зовох, үүрэгт ажлаа хийхээс гадна хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөх гэх мэт олон ажлыг зэрэг амжуулдаг нь цар тахлын үед тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ