Мунзуй хочит Г.Нямдоржийг их хэмжээний хар тамхи хадгалсан хэргээр баривчилжээ

2020-12-02

Мунзуй хочит Г.Нямдоржийг их хэмжээний хар тамхи хадгалсан, хэргэлсэн гэх үндэслэлээр түүнийг Хар тамхитай тэмцэх газраас Хан-уул дүүрэгт байрлах Будда Вила хотхоны гэрээс нь хоёр долоо хоногийн өмнө баривчилан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж шалгаж байгаа юм байна. Г.Нямдорж нь өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан нэгэн юм.

Хамгийн сүүлд л гэхэд 2017 оны наймдугаар сарын 15нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс “Мунзуй” хэмээх нэрээрээ танигдсан иргэн Г.Нямдоржид холбогдох хэрэгт гурван жилийн ял оногдуулж байжээ.

Хэргийг нэхэн санаваас, Г.Нямдорж нь 2016 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг “Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр хоригдож байж.

Энэ хэргийн хохирогч нь Өвөрмонголын ӨЗО-ы иргэн Д.Т бөгөөд тухайн өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чэн Шинь Гоу Минь” ХХК-ийн ажлын байранд Г.Нямдорж нарын хүмүүс дайран орж, Д.Т гэгчийг компанийн 550,000 юанийг хувьдаа завшсан мэтээр хэрэг хүлээхийг тулгасан байна. Улмаар “Нохойд идүүлж, бетон цутгаж ална, эхнэрийг чинь хүчиндүүлнэ, чамд ямар байхыг харуулна, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараана” гэх зэргээр дарамталсан гэж хохирогч мэдүүлсэн аж.

Холбоотой мэдээ