У.Хүрэлсүх: Ард түмэнд мөнгө хэвлэж өгнө гэдэг ард түмнээ хорлож байгаа гэсэн үг

2020-12-02

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлшийг 50 хувь хямдруулан худалдаалах тогтоолыг баталлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгын талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Мөнгө байдаг бол ард иргэд, өвгөд хөгшид, үр хүүхдүүдээсээ харамлах зүйл Засгийн газарт байхгүй. Харамсалтай нь бидний боломж хязгаарлагдмал байна.

Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмний хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас үүдэн юмны үнэ өссөн.

Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил.

Иймд бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмнийхээ амьдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс түлшний үнийг 50 хувь хямдрууллаа” гэлээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ:

1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

 

2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.

 

3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.

 

4. “Ковид-19” цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.

 

5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ