Долоо хоногийн дотор 4 сая орчим хүн халдвар авчээ

2020-12-02

Дэлхий даяар коронавирусын халдвар авсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт 4 сая орчмоор нэмэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос буурсан үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт шилжих шөнө мэдээлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, 11 дүгээр сарын 23-наас 29-ны хооронд дэлхий даяар 3 935 330 шинэ тохиолдол илэрч, 69 916 хүн нас баржээ. Өмнөх долоо хоногт (11 дүгээр сарын 16-наас 22-ны хооронд) 4 060 891 шинэ тохиолдол, 67 221 нас баралт бүртгэгдсэн байна.

Халдварын шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурсан хэдий ч дэлхийн даяар өвчлөл өндөр хэвээр, нас баралтын үзүүлэлт өссөөр байгааг ДЭМБ анхааруулжээ. Европт Халдварын тохиолдол буурч байгаа боловч тус тив өвчлөлийн үзүүлэлтээр Хойд болон Өмнөд Америкийн дараа хоёрдугаарт орсон хэвээр байна. Европын орнуудад өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн нас баралтын тохиолдлыг 11 дүгээр сарын 16-22-ны хоорондох үетэй харьцуулахад 5 хувиар, Зүүн Өмнөд Азид 4 хувиар, Хойд болон Өмнөд Америкт 2 хувиар өсжээ.

Европт долоо хоногийн хугацаанд 1.57 сая шинэ тохиолдол, 35 мянга гаруй нас баралт бүртгэгджээ. Хойд болон Өмнөд Америкт халдвар авсан хүний тоо 1.65 сая гаруйгаар нэмэгдэж, 22 мянга гаруй хүн нас барсан байна. Зүүн Өмнөд Азид 371 мянга гаруй хүн халдвар авсан бол долоо хоногт нас барсан тохиолдол 4800 давжээ.

Холбоотой мэдээ