Дэлгүүрүүдэд хүнсний бараа түгээдэг иргэнээс халдвар илэрч, Энхсаран орчмыг хамгаалалтад авлаа

2020-12-03

ЭМЯ-ны өнөөдөр (2020.12.02)-ийн мэдээгээр нийслэлд зургаан тохиолдол бүртгэгдсэнийг хэлсэн. Тэгвэл дээрх зургаан тохиолдлын тав нь ХУД-ийн иргэд аж.

Тэдний ойрын хавьтал Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчлэгчээр ажилладаг тул өнөөдөр үдээс хойш ШЕЗ-ийг цагдаагийн хамгаалалтад авч, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Тухайн үйлчлэгч эмэгтэйн нөхөр нь хүнсний дэлгүүрт бараа түгээх ажил хийдэг бөгөөд түүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр батлагдсан тохиолдлын бас нэг ойрын хавьтал болох иргэн Энхсаран сувиллын ард байх хүнсний дэлгүүрт ажилладаг бөгөөд өнөөдөр тус дэлгүүрийг, ойрхон байх эмийн сантай нь хамт хааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн тухайн чиглэл рүү зорчих гүүрийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг хаагаад байна. Биокомбинат орчимд амьдардаг иргэдийг маргаашаас эхлэн 10-р сургууль дээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах аж.

Эх сурвалж: tsahiur.mn

Холбоотой мэдээ