Иргэд аймаг, сум хооронд нэг удаа л зорчих боломжтой

2020-12-03

 Нийслэл хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг Улсын Онцгой комиссоос энэ сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ.

Нийслэл дэх зорчигч тээврийн “Тэнгэр”, “Лавай”, “Драгон” төвөөс 14 аймгийн чиглэлд иргэдийг тээвэрлэж байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргахаар төлөвлөжээ. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг Хотоос орох, гарах иргэдийг зохицуулах түр журамд тусгасан байна.

Хот хооронд зорчих иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, замын хүнсээ базаан, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө авто буудалд ирсэн байх бөгөөд шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай.

Мөн иргэд орон нутаг руу зорчихдоо амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явах ёстой.

Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч, аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой гэдгийг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Нийслэлээс хөдөө орон нутаг руу явах иргэдийн  PCR шинжилгээг 20 цэгт авч байна. Өчигдрийн байдлаар 74 нийтийн тээврийн хэрэгслээр 2531 иргэн Улаанбаатар хотоос гарсан. Мөн 901 хувийн тээврийн хэрэгслээр 3710 иргэн Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу гарсан гэх тоон мэдээлэлийг НОК-ын Шуурхай штабаас ирүүллээ.

Холбоотой мэдээ