БЗД-ийн 14 хорооны 20090 иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

2020-12-03

Нийслэлийн Засаг Даргын тамгын газраас зохион байгуулж байгаа 70 мянган иргэнийг хамруулах “НЭГ ӨРХ, НЭГ ШИНЖИЛГЭЭ” аяны хүрээнд БЗД-ийн 14 хорооны 20090 иргэнийг коронавирусийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Уг шинжилгээнд БЗД-ийн 4, 5, 6, 7, 9, 10, 12, 14, 15, 16, 18, 22, 25, 26 дугаар хорооны зарим байршлын иргэдийг нэн түрүүнд хамруулахаар төлөвлөжээ. Шинжилгээг 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд  Амгалан цогцолбор сургууль болон 97, 44, 21, 133, 14 дүгээр сургуулиудын байранд тусгайлан бэлтгэсэн 6 цэг дээр 08.30-18.00 цагийн хооронд авна.

Энэ шинжилгээнд хамрагдах 20 мянга гаруй иргэдийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажиллладаг болон ажиллуулдаг иргэд, халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар зохион байгуулж байна. Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой. Мөн хүн хоорондын 1.5-2 метрийн зайг баримталж бусад халдвар хамгааллын дэглэмийг сахиж чадвал коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж чадна.

20090  иргэнийг шинжилгээнд хамруулахдаа нэр заасан хороодын тодорхой байршлуудад оршин суудаг иргэдийг өдөр, цагийн хуваарийн дагуу шинжилгээнд хамруулна. Тиймээс танд шинжилгээнд хамрагдах зар ирсэн тохиолдолд өгсөн цагийн хуваарийн дагуу заасан цэгүүдэд очиж үйлчлүүлээрэй. Ингэснээр ачаалал үүсэхээс урьдчилсан сэргийлэхээс гадна онцгой нөхцөл байдалд ажиллаж буй албан хаагчдыг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх боломжийг бүрдүүлэх юм.

Мөн сайн дураараа шинжилгээнд хамрагдах иргэдийн хувьд хуучин шинжилгээ авч байсан цэгүүдэд очиж хамрагдах боломжтой. Шинжилгээтэй холбоотой мэдээллийг  БЗД-ийн онцгой байдлын үед зөвлөгөө, мэдээлэл өгч буй “Call center”-ийн 1800-1063 дугаар, БЗД-ийн Шуурхай штабын 93190092 зэрэг утсаар холбогдож тодруулах боломжтой юм.

 

Иргэд шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

-Нэг өрхөөс нэг иргэн хамрагдах

-Өгсөн цагийн дагуу, заасан цэгт очиж шинжилгээ өгөх

-Иргэний үнэмлэхтэй хүрэлцэн ирэх

-Хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцастай байх

-Худалдаа үйлчилгээ эрхэлдэг болон архаг суурь өвчтэй гэр бүлийн гишүүнээ түрүүлж шинжилгээнд хамруулах

-Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, чанд дагаж мөрдөх /Амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэх, гараа ариутгах, хүн хоорондын 1.5-2 метрийн зайг баримталж дараалалд зогсох гэх мэт/

Аль хорооны иргэд хаана, хэдний өдөр шинжилгээ өгөх талаарх хуваарь:

 

 

 

 

Холбоотой мэдээ