Цагдаа нар гацуур модоо хулгайч нарын зургаар чимэглэсэн нь шүүмжлэл дагуулав

2020-12-07

АНУ-ын Алабама мужийн цагдаагийн хэлтэс ажлын газрын гацуур модоо гэмт хэрэгтнүүдийн зургаар “чимэглэсэн” нь нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна. Өнгөрсөн пүрэв гарагт тэд гацуур модныхоо зургийг албан ёсны цахим хуудаснаа “Хулгайчид” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Харин иргэд “хүний эрх зөрчиж байна” гэсэн үндэслэлээр тэднийг шүүмжилж, маш олон сэтгэгдэл үлдээсэн байна.

Үүний дараа Цагдаагийн хэлтсийн шериф “Бид энэ жил ямар олон хүн гэмт хэрэг үйлдсэнийг харуулахын тулд модоо ингэж чимэглэсэн” гэж тайлбар хийсэн байна. Тус зурагт 7900 гаруй хүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд зарим нь эерэг сэтгэгдэл бичсэн бол ихэнх нь “гутаан доромжилсон”, “харгис, хэрцгий” хэмээн буруутгажээ.

Түүнчлэн Алабама мужийн Америкийн иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) тус явдлыг “хуваагдмал, харгис” гэж буруушааж байгаа аж. Тус холбооны тэргүүн ЖаТауне Босби “Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ихэнх нь сэтгэцийн эрүүл мэнд, хар тамхи мансууруулах бодистой тэмцэж байсан. Тэдэнд олон нийтийн туслалцаа, халамж хэрэгтэй болохоос удирдагчдын илт доог тохуу биш юм” гэжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ