Прага хотын иргэд коронавирусын цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал хийжээ

2020-12-07

Коронавирусын цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан Чехийн нийслэл Прага хотод ням гарагт хийсэн байна.

Зохион байгуулагчдынх нь мэдээлж буйгаар, Вацлав болон Палацкийн талбайд зохион байгуулсан цуглаанд 1000 орчим хүн оролцсон байна. Хязгаарлалтыг эсэргүүцэгчид цуглаанд оролцсоныхоо дараа хотын төв гудамжаар жагсаж, Клари дүүрэгт орших Засгийн газрын ордон руу явжээ.

Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан цуглаануудад иргэний идэвхтнүүд үг хэлсэн байна. Тэд эрх баригчдыг хатуу хязгаарлалт тогтоон, тоталитар дэглэмд эргэн орж байна гэж буруутгажээ. “Бидэнд Засгийн газар ямар хэрэгтэй гэж? Засгийн газаргүйгээр болгоцгооё. Өнгөрсөн зул сарын баярын өмнөхтэй адил чөлөөтэй амьдарч, амьсгалцгаая” гэж эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчдын нэг цугларагсдад хандан хэлсэн байна.

Жагсагчид улс оронд нь тогтоосон бүх хязгаарлалтыг нэн даруй цуцлахыг эрх баригчдаасаа шаарджээ. Тэд мөн коронавирусын вакцинд итгэхгүй байхыг уриалсан байна.

Жагсагчдын дийлэнх нь олон нийтийн арга хэмжээний үеэр амны хаалт заавал зүүх ёстой журмыг дагаж мөрдөөгүйгээс гадна, жагсаал, цуглаан зохион байгуулах журмыг зөрчжээ.

Холбоотой мэдээ