Зээлдэгч хэрэглээний зээлийн хугацаагаа хойшлуулсан ч зээлийн хүүгээ сар бүр төлнө

2020-12-07

Цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагаа нь доголдож, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан ипотекийн болон хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг сунгах боломжтой болсон.

Тодруулбал, Төв банкны мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11-р сарын 23-ны шийдвэрээр ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг 2021 оны 7-р сарын 1 хүртэл царцааж, харин хэрэглээний зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж, зээлийн хүүг төлүүлэхээр болсон.

Тэгвэл зээлдэгчийн зээлийн хугацаа 10 сар,  харин зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой.

Харин дээрх хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой байгаа юм.

Тэгвэл Монголбанкны 9-р сарын мөнгө, санхүүгийн статистик мэдээллээр тайлант хугацаанд, 1.4 сая гаруй зээлдэгч нийт 17.1 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ зээлийн 8.7 их наяд төгрөгийн зээл нь иргэдийн зээл байна.

Харин “Ипотекийн зээл”-ийн тайлант хугацаанд нийт 99,559  зээлдэгч 4.8 их наяд 835 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байжээ. Харин одоогоор хичнээн  иргэн 11-р сарын 23-аас хойш ипотекийн болон хэрэглээний зээлийн хугацаагаа хойшлуулсан эсэх мэдээлэл эцэслэгдээгүй байна.

Эх сурвалж: mongoltv.mn

Холбоотой мэдээ