АНУ-ын Калифорни мужийн 33 сая оршин суугч гэрээсээ гарахгүй байх үүрэг авлаа

2020-12-07

АНУ-ын Калифорни мужийн 39 сая оршин суугчийн 85 хувь нь буюу 33 сая орчим нь гурван долоо хоног гэрээсээ гарахгүй байх шинэ журам мөрдөхөөр боллоо. Уг журам ням гарагийн 23:59 цагаас эхлэн мөрдөгдөж /Улаанбаатарын цагаар өнөөдөр 15:59 цагаас/ эхлэх аж.

Коронавирусын тархалтыг сулруулж, эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй уг арга хэмжээнд Өмнөд Калифорни, Сан-Хоакины хөндий болон Сан-Францискогийн булангийн бүс орчмын иргэд хамрагдах аж.

Өнгөрсөн долоо хоногт мужийн захирагч Гэвин Ньюсом бүс нутгийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгийн хүчин чадал 15 хувиас буурвал хязгаарлалтын шинэ дэглэм тогтооно гэж мэдэгдэж байжээ. Ням гарагийн байдлаар Өмнөд Калифорнид энэ үзүүлэлт 10,3 хувь, Сан-Хоакин хөндийн бүс нутагт 6,6 хувь болтлоо унасан байна. Тус мужид ням гарагт коронавирусын халдварын 30 мянган шинэ тохиолдол илрүүлсэн нь хоногт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Иргэд гэрээсээ гарахгүй байх шаардлагатай бөгөөд баар, үсчин, музей, кино театр зэрэг олон нийтийн газрууд үүдээ барих юм. Ресторанууд хоолыг хүргэлтээр л гаргах боломжтой аж.

Харин сургуулиуд болон бусад нэн чухал байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх юм байна.

Холбоотой мэдээ