БНСУ 44 сая хүнийг дархлаажуулах коронавирусын эсрэг вакцин авна

2020-12-08

БНСУ гадаадын эмийн үйлдвэрийн дөрвөн компани болон дэлхийн вакцины төслөөс 44 сая хүнийг дархлаажуулах коронавирусын эсрэг вакцин авна гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ.

Эрүүл мэндийн яам “AstraZeneca”, “Pfizer”, “Johnson & Johnson” корпорацын “Janssen”, “Moderna” компаниас 34 сая хүнийг дархлаажуулах 64 сая тун вакциныг урьдчилан захиалсан байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” төсөл 10 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг БНСУ-д нийлүүлэх бөгөөд тэдгээр нь “AstraZeneca”, “Pfizer”, “Sanopi” компанийн вакцин байх ажээ.

Эрүүл мэндийн яам вакцин урьдчилан захиалах гэрээг “AstraZeneca” компанитай хэдийн байгуулсан бол бусад гурван компанитай энэ сарын сүүлээр байгуулахаар төлөвлөжээ.

Урьдчилан захиалсан вакцин нь нийт хүн амны 88 хувийг дархлаажуулахад хүрэлцэх бөгөөд ирэх хоёрдугаар сарын эхээр нийлүүлж эхлэх ажээ. Гэвч Эрүүл мэндийн яам вакцинжуулалтын хөтөлбөрийг хэзээнээс эхлүүлэхийг хараахан шийдээгүй байна.

“Вакцинуудыг гарган авах үйл явц хараахан дуусаагүй байгаагаас гадна аюулгүй байдал, үр дүнтэй холбоотой зарим асуудал үүсэж байгаа тул бид олон хүчин зүйлийг харгалзан үзсэний дүнд вакцинжуулалтын товыг гаргана” гэж Эрүүл мэндийн сайд Пак Нюн Хо мэдээлжээ.

Эхний ээлжинд өндөр настнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчид, галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд зэрэг халдварт эмзэг бүлгийн хүмүүсийг дархлаажуулах бөгөөд үлдсэн хүн амыг эрсдэлийн үнэлгээг харгалзан вакцинжуулалтад хамруулах ажээ.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 594 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан нийт хүний тоо 38755-д хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Сүүлийн үед халдварын шинэ тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд Сөүлийн бүсэд зайнаас харилцах дүрэм журмын 2.5 дугаар буюу дээрээсээ хоёр дахь түвшнийг тогтоогоод байгаа юм.

Холбоотой мэдээ