Дөрвөн байр эзэмшдэг хэлтсийн дарга орон сууцны дэмжлэг авчээ

2020-12-08

Иргэд нь 8 хувийн хүүтэй зээл хүсч, орон сууцтай болохоор горилж явахад олон тооны байртай дарга нарт орон сууцны дэмжлэг үзүүлсэн бас нэгэн баримт бидэнд байна. Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 20-нд Хадгаламжийн даатгалын корпорациас Сангийн яамны хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэгт 45.000.00 төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ.

С.Мөнгөнцэцэгийн хувьд 2019 онд гаргасан ХОМ-тээ 283 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр зуслангийн байртай, жилийн 79 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ.

Нийт дөрвөн байртай, жилдээ өндөрт тооцогдох орлоготой, 63 сая төгрөгийн хадгаламжтай даргад татвар төлөгчдийн мөнгөөр орон сууцны дэмжлэг үзүүлэх нь шударга ёсонд хэр нийцэх вэ.

Хадгаламжийн даатгалын корпорациас ЯМАР ХҮМҮҮС орон сууцны дэмжлэг авсан бэ?

Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдах дээд байгууллага буюу Үндэсний хорооны даргаар Монгол банкны дэд ерөнхийлөгч, гишүүнээр сангийн яамнаас хоёр, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбооноос тус бүр нэг төлөөлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нар ажилладаг. Тэд тус байгууллагын бүтэц, үйл ажиллагааны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй ажилладаг юм байна.

Сангийн яамны хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэгийн хувьд Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хорооны гишүүн.

Дээрх баримтаас өмнө Хадгаламжийн даатгалын корпо­рацийн захирал Х.Бум-Эрдэнэ 10 байртай, Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн баримт нийтэд дэлгэгдсэн. Гэтэл тус хорооны дарга нь тухайн үед Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн байсан бөгөөд “баян” ахлахаа байраар дэмжүүлжээ.

 

Хуулийг гууль болгосон энэ газрын хамгийн том буруутан нь Сангийн сайд

Энэ бүхнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар харсан ч хараагүй юм шиг өнгөрөөж ирсэн нь анхаарал татаж байна.

Учир нь Хадгаламжийн даатгалын корпораци “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-д заасны дагуу байгууллагынхаа үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Сангийн сайд болон Монгол банкны ерөнхийлөгчид тогтмол хугацаанд хүргүүлж, танилцуулсаар ирсэн байдаг.

Эндээс тайланг нь чимээгүй харж суусан Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар бүхнийг хав дарж өнөөг хүрсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардахад хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хууль бус үйлдлүүд цаашлаад сайд нь хэлтсийн даргаа, Монгол банкны ерөнхийлөгч нь ажилтнаа байрны дэмжлэг авсныг мэдээгүй өнгөрөх боломжгүй учраас төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан эдгээр асуудалд шат шатандаа хариуцлага хүлээх учиртай.

Товчхондоо, иргэдийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр нэгнээ шагнадаг, авлигаддаг, ичих нүүргүй хумсалдаг дарга нарын шуналд хэн хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: zuv.mn

Холбоотой мэдээ