ОХУ Пакистанд коронавирусын эсрэг “Спутник V” вакцинаа санал болгожээ

2020-12-08

Коронавирусын вакцин нийлүүлэх саналыг Пакистан улсын эрх баригчид ОХУ-аас хүлээж авсан гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Захида Хафиза Чаудри мэдэгджээ.

“Пакистан улс коронавирусын хоёр дахь давлагаатай тэмцэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа энэ үед ОХУ-аас коронавирусын вакцин нийлүүлэх саналыг бид хүлээж авсан. Энэ саналыг Пакистаны Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн бөгөөд вакциныг хэрэглэх арга, үр нөлөө зэрэг бүхий л асуудлыг судалж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Чаудригийн хэлснээр, Пакистаны Засгийн газар вакциныг цаг тухайд нь авахын тулд вакцин нийлүүлэх хэд хэдэн байгууллагатай холбоо тогтоон ажиллаж байгаа аж. Пакистаны эрх баригчид вакцин худалдан авахад зориулж, 150 сая ам.доллар хуваарилжээ.

Эрүүл мэндийн яамных нь мэдээлснээр, тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 3795 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 420294 болсон байна. Нас барсан тохиолдлын тоо нэг хоногийн дотор 37-оор нэмэгдэж, 8398-д хүрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш 356542 хүн эдгэрсэн байна. Халдварын тохиолдлын тоогоор Пакистан дэлхийд 24 дүгээрт орж байгаа юм.

Холбоотой мэдээ