Ц.Гарамжав: Цаг хугацаа бол хамгийн шударга шүүгч

2020-12-09

Гүжир үгэнд сөөмийн хариугүй гэдэг. Өнгөрсөн хугацаанд миний талаар ёс зүйгүй нэгэн этгээд үндэслэлгүй, логикгүй, өөрөө мэдэхгүй асуудлаар гүтгэж, харлуулах гэж оролдож байгааг нь явуургүй улс төр хэмээн бодож, төр түшилцэж явсан хүний хувьд гүтгэлэг бүрт хариулт өгөх гэж яаралгүй хоёр жил гаран хүлээцтэй хандлаа.

Ямар ч зүйлд хэмжээ, хязгаар байх ёстой. Миний нэр төрийг харлуулахаар хэтэрхий их хичээж, өдөр бүр шахам улайран дайрч давшлах нь сүүлдээ нэр, төрийн хүчирхийлэл болж байна. Энэ бүхний цаана эх орончдын баг өмсөж, гэмгүй дүр эсгэн, ашиг сонирхолоороо холбогдсон бүлэглэл байдаг. Тэд эрх ашгаа гүйцэлдүүлэхэд нь хориг саад болсон нэгнийг захиалгатайгаар гүтгэж, гутаан доромжилж, нийгмийг төөрөгдүүлж, үзэн ядуулах хөрсийг бий болгодог технологид гаршжээ. Энэ технологио хэрэгжүүлэхээр хамгийн ёс зүйгүй этгээдийг сонгон авч тоног төхөөрөмжөөр ханган түүгээрээ гүтгэх, гүжирдэх харлуулах, хүчирхийлэх бүхий л аргуудыг хэрэглүүлж байна.

Миний бие 2016-2020 онд СХД-ээс УИХ-д сонгогдон надад өгсөн иргэд, ард олныхоо их итгэлийг биелүүлэх зорилго тавьж цаг хугацаатай уралдан ажилласан билээ. Энэ хугацаанд тойрогт маань үүссэн олон асуудлуудыг дор бүр нь шийдвэрлэхийг зорьж ажиллахын зэрэгцээ нийгэмд тулгамдсан эдийн засгийн тогтолцооны гажуудал, аж үйлдвэр, геологи, уул уурхайн салбарын хөгжлийн алдаатай алхмуудыг гарган тавьж, хөгжлийн зөв гарцыг авчрах, хууль эрх зүйн орчныг бий болгохын төлөө зорин ажиллаж байлаа.

2016 оны 11-р сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Шинхуа компанитай хамтран ашиглах тогтоолын төслийг бүтцийн схемтэй хамт боловсруулж танилцуулсан юм. Уг схемээс харахад далд санаа нь дэндүү аймшигтай. Таван толгойн ордыг маань ашиглах, борлуулах эрхийг Шинхуад өгч, улмаар Монголчууд бид лиценз гэгч хоосон цаастай үлдэхээр нөхцөл байдал үүссэн байсан.

Өнгөн талдаа Монголын тал 51 хувь, Шинхуа групп 49 хувь эзэмшихээр схемд зурагдсан ч үнэн хэрэгтээ Тавантолгойн ордын 90 орчим хувийг Шинхуа компанид эзэмшүүлэх зорилготой тогтоолын төсөл байсан юм. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлийн хурал болон бүлгийн хурал дээр цөөн гишүүдийн хамтаар санал, дүгнэлтээ тууштай гаргаж уг тогтоолыг түдгэлзүүлэхэд нөлөөлсөн билээ.

/Хуралдааны протоколтой/

Уг тогтоолын төслийг хэлэлцүүлэх үеэр миний бие уул уурхайн салбарын Я.Гомбосүрэн, Г.Ухнаа, Д.Гягар тэргүүтэй 30 гаруй зөвлөх инженер, доктор, профессор, эрдэмтдийг урьж уулзан, Тавантолгойн ордын тогтоолын төслийн талаар болон хэрхэн зөв эдийн засгийн эргэлтэд оруулах талаар зөвлөлдөж байсан билээ. Манай эрдэмтэд Монголчууд Тавантолгойн ордын менежмент, уул уурхайн үйлдвэрлэлийн ажлыг бүрэн хийх чадвартай хэмээн санал нэгтэйгээр зөвлөж байсан юм.

Тавантолгойн орд бол дэлхийн 10 том нүүрсний ордны нэг бөгөөд байгалийн гайхамшигтай баялаг тогтоц юм. Жорк стандартын ангиллаар нийт 7.4 тэрбум тонн орчим нөөцтэйгөөс 5,1 тэр бум нь коксжих нүүрс, 2.3 тэрбум нь эрчим хүчний нүүрс. Орлогын үнэлгээ нь 600 гаруй тэрбум доллар буюу 1 тунамал 715 их наяд 700 тэрбум төгрөгийн үнэ бүхий баялагтай орд билээ. Тавантолгойн ордыг дагаад нүүрс, химийн, коксын, хийн, эрчим хүчний олон үйлдвэр баригдаж, олон зуун мянган ажлын байр бий болгох, бидний үүц баялаг минь юмаа. Тус ордын уул уурхайн ашиглалтын нөхцөл нь маш энгийн зарчмаар явагдах боломжтой юм.

Тухайн үед Засгийн газрыг дахин алдаа гаргаж, түүхэнд хараар бичигдэх том аюулыг зогсооход мэргэжлийн хүний хувьд Засгийн газартаа тусалж чадлаа гэж баяртайгаар бодож байв. Гэвч төрд шургалсан ашиг сонирхлын бүлэглэлийн хязгааргүй ихээр хөлждөг замд нь саад, тээг болсноо хожим ухаарсан. Үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр Тавантолгойн ордоо амжилттай ажиллуулж байгаа нь уг шийдвэр зөв байсныг баталж байгаа билээ.

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд дутмаг байсан эдийн засгийн болон улсын баялгийн сантай болох, томоохон стратегийн ордуудын үр ашгийн дийлэнх хувийг Монголд нь үлдээх тал дээр анхаарч хэсэг гишүүдийн хамтаар шургуу ажилласны дүнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд дээрх заалтуудыг оруулан батлуулж чадсан билээ. Ингэснээр томоохон ордуудын үр ашгийн дийлэнх хувь Монгол Улсад үлдэж байхыг Үндсэн хуулиар дархалж өгсөн юм.

2019 оны 9 дүгээр сард Оюу толгойн ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж, Засгийн газарт өгөх таван чиглэлийг ажлын хэсгийн гишүүдийн хамт хэлэлцэж байх үед нэгэн сайд орж ирэн, ихэд уурсаж … ” Та нарыг дахин нэр дэвшүүлэхгүй байх асуудлыг ч ярина”… гээд хаалга саван гарахад нь гишүүд хооронд санал зөрөлдөх хурц асуудал байдаг тул нэг их анзаарч бодоогүй өнгөрөөж байсан юм. /Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол/ Мэргэжлийн инженер хүний хувьд уул уурхай, аж үйлдвэрийн салбарын талаар гаргаж байсан санал, тууштай үзэл баримтлал болон шударга хүмүүнлэг бүтээн байгуулалтыг дэмжигч Ардын Засгийн газрыг байлгуулахын төлөөх тэмцэл маань Монголын төр засагт бугшталаа шигдсэн ашиг сонирхлын бүлэглэл болон түүний хань хамсаатан нарт таалагдаагүй ажээ.

Тэд Ц.Гарамжав гэдэг хүнийг өөрсөдтэйгээ адилхан “хулгайч” болгож харагдуулах улс төрийн сонгодог бохир аргаа хэрэгжүүлж эхэлсэн. Эрх, мэдэл, албан тушаалаа ашиглан дарамтлах үйл ажиллагааг их л сүржин зохион байгуулсан. Өнөөх нь “Ц.Гарамжав гэрлүүгээ зам тавиулах гэж байна, Монгол банкнаас 10 тэрбумын зээл авч, нас барсан иргэдийн сангаас төлүүлжээ,10 тэрбумаа төлөхөөр боллоо, алмас, луйварчин, хулгайч”, гэх зэргээр доромжилж, цадигаа алдсан зан, авир гаргаж 2 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба цахим орчинд 400 гаруй удаа зохиомол хар мэдээллүүдээ цацжээ. Гэвч үнэн бодит байдал тэс өөр байлаа.

• Монголбанк зээл олгодог субъект биш. 10 тэрбумын зээл гэж огт байгаагүй. “Байгаагүй зээл”-ийг төлүүлээгүй болохыг АТГ жил гаруйн хугацаанд шалган, тогтоосон.

• Сүүлийн 30 жил орхигдоод байсан үйлдвэржилт сэргэж байгаатай холбоотойгоор хууль эрх зүйн орчны уялдаа холбоогүй тогтворгүй байдал бүтээн байгуулагчдад бэрхшээл учруулах болсон. Надад холбогдуулсан 33 тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэр хэзээ ч гарч байгаагүй. Харин үнэнийг мушгин гуйвуулж, улс төржүүлж, гүтгэлэг түгээсэнд холбогдох аж ахуйн нэгж нь албан ёсны мэдэгдэлээ хийсэн. 2020 оны 10 сард авсан шүүхийн төрөлжсөн архивын лавлагааг хавсаргав.

Монгол улс цар тахалтай тэмцэж буй хүнд цаг үед Монголчууд бид эвийг эе, ёс зүйг эрхэмлэж, сахилга баттай байх ёстой байна.

Монголын нийгэм эдийн засгийн шилжилтийн сүүлийн 30 жилийн хүнд цаг үед улс орныхоо хөгжил, эдийн засагтаа өөрсдийн бодит хувь нэмрийг оруулж, баялгийг бүтээж, үйлдвэрлэлийг байгуулж, амьдралаа цэцэглүүлж, хөгжил дэвшилд зорьж яваа хамт олны нэр хүндэд халдаж, зохион байгуулалттайгаар харлуулахаар оролдож байгаа нь Монгол хүний хийх ажил мөн үү?

Дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэх ёстой хэвлэл мэдээллийн салбарын давуу талыг овжиноор ашиглаж сэтгүүлчийн дүр эсгэсэн ёс зүйгүй цөөн этгээдүүдийн үүсгээд буй нэр төрийн хүчирхийлэл нь хэт даварсан, анархизмын үзэгдэл болж, хар тамхины аюулаас дутахгүйгээр хар зам татуулан нийгмийг манантуулах болсонд бүх нийтээрээ сэтгэл зовниж байна.

Амьдралын минь 40 гаруй жил ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтын дунд саад бэрхшээлүүдийг туулан өнөөдрийн цаг үед хүрч ирсэн түүхтэй болохоор намайг яаж ч гүтгээд миний мөн чанарыг өөрөөр харагдуулж чадахгүй ээ.

ЦАГ ХУГАЦАА БОЛ ХАМГИЙН ШУДАРГА ШҮҮГЧ ТУЛ ХЭН НЬ ХЭН БОЛОХЫГ ХАРУУЛАХ БИЗЭЭ.

Холбоотой мэдээ