Канад улсад “Pfizer-BioNTech” компанийн коронавирусын эсрэг вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө

2020-12-10

Канад улсын Эрүүл мэндийн яам “Pfizer-BioNTech” компанийн коронавирусын эсрэг вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө.

“Энэхүү вакцин аюулгүй байдал, үр дүн, чанарын хатуу шаардлагуудыг хангасан” гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдогийн мэдээлснээр, Канад улс энэ сард 249 мянга хүртэлх тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа ажээ.

Канад улсын Засгийн газар нийтдээ 20 сая тун вакцин худалдан авахаар тохиролцсон нь 10 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэх юм.

Их Британи улс мягмар гарагт “Pfizer-BioNTech”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлж, 90 настай эмэгтэй вакцин хийлгэсэн эхний хүн болсон билээ.

Бахрейн улсын хувьд уг вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа ажээ.

Мөн АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “Pfizer-BioNTech”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх эсэх талаар өнөөдөр хуралдана.

Холбоотой мэдээ