Дэлхийн хамгийн СОНИРХОЛТОЙ 10 зочид буудал

2020-12-10

Та бүхэн дэлхийн хамгийн анхны зочид буудал хаана, хэзээ үүссэнийг мэдэх үү? Тэртээ 705 онд Япон улсын Яманаши хотод Нисияама Онсен Киеүнкан нэртэй зочид буудал байгуулагдсан нь түүхийн хуудаснаа дэлхийн хамгийн анхны зочид буудал хэмээн тэмдэглэгдсэн байдаг. 1300 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, Гиннесийн номд ч бичигдээд амжсан уг зочид буудлаас хойш өдийг хүртэл маш олон шинэ, содон газрууд байгуулагдсан билээ.

Тэгвэл YOLO.mn сайтын зүгээс та бүхэндээ дэлхийн хамгийн хачирхалтай арван зочид буудлыг сонирхуулж байна!

10. “GIRAFFE MANOR” БУЮУ АНААШТ ЭДЛЭН

Инстаграм хуудсан дахь хамгийн алдартай газруудын нэгд тооцогддог Анаашт эдлэн нь Кени улсын Найроби хотод байрладаг. Улсынхаа хамгийн онцгой байгууламжуудын нэг болох уг буудлын хамгийн содон үйлчилгээ нь өглөө эсвэл оройн цагаар буудлын цонхоор толгойгоо цухуйлган, амрагчидтай мэндчилэх Ротшильдын анаашууд юм.

Үзэсгэлэнтэй интерьер шийдэл, нарлаг тагт хийгээд ногоон талбай бүхий энэ газар танд яг л “Out of Africa” (1985) кино руу алхаад орж буй мэт мэдрэмж төрүүлэх болно. Үүнийг ч батлах мэт уг буудлын 12 өрөөний нэг нь тус зохиолын зохиолч Karen Blixen-ий нэрээр нэрлэгдсэн аж.

9. “MANTA” АМРАЛТЫН ГАЗАР

Усан доор амьдрах ямар бол гэх сониучхан бодол танд төрж байсан удаатай юу? Хэрэв тийм бол Занзибар улсад байрлах “Маnta” амралтын газарт байрлангаа усан доорх ертөнцтэй тухтайхан танилцаж болох нь ээ.

Усан дотор хөвж байрлах өвөрмөц зохион байгуулалтай уг зочид буудалд та амьдралынхаа хэзээ ч мартагдашгүй нэгэн дурсамжийг бүтээх боломжтой аж.

8. “MONTANA MAGICA” БАЙШИН

Ид шид, аз жаргалаар дүүрэн “Disney” кино компанийн алдарт хүүхэлдэйн кинонуудыг санагдуулам уг зочид буудал харин галт уул мэт хэлбэртэй аж. Галт уулын халуун лавыг орлон, байшингийн дээш хэсгээс гадаах ханыг нь дагаад ус урсаж байдаг бөгөөд ойн дунд байрласан учраас онгон байгалийг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжтой байх нь ээ.

Сонирхолтой нь Чили улсад байрлах тус байшинд та зөвхөн явган очиж хүрэх боломжтой. Учир нь буудалд хүргэх дүүжин гүүрээр явган гарахаас өөр аргагүй бөгөөд тус гүүрээр алхаж чадах зоригтой нэгэн нь л энэ гайхалтай газарт өдрийг өнгөрөөх боломжтой болдог аж.

7. “HANG NGA” ЗОЧИД БУУДАЛ

“Галзуу Байшин” ч хэмээн нэрлэгддэг энэхүү зочид буудал яг л өөр ертөнцөд орших үлгэрийн ордныг санагдуулам бүтэцтэй аж. Вьетнамын архитектурч Đặng Việt Nga нь тус зочид буудлыг барьж байгуулсан бөгөөд уг зочид буудлаа дэлхийн хаана ч байхгүй онцгой байлгахыг хүссэн ажээ. Тэр уг зорилгодоо эргэлзээгүй хүрсэн бөгөөд зочилж үзсэн хүн бүр уг буудлын сонин содон байдлыг нь бишрэн магтдаг.

Таван давхар уг барилгыг аварга Банян модны хэлбэрээс санаа аван бүтээсэн бөгөөд давхар бүр нь өөр өөрийн гэсэн өвөрмөц бүтэцтэй ажээ.

6. “MARQUES DE RISCAL” БУУДАЛ

Испани улсад байрлах уг зочид буудал нь АНУ-ын алдарт архитектурч Frank Gehry-гийн бүтээл билээ. Налуу хана, тэгш бус хэмтэй цонх хийгээд сүмийн гэмээр өндөр таазнаас бүрдэх уг газар танд уран зураг дотор амилсан мэт онцгой мэдрэмжийг төрүүлэх болно.

5. “V8” БУУДАЛ

Автомашин сонирхогчдын мөрөөдөл болсон “V8” зочид буудал нь Герман улсын Штутгарт хотод байрладаг. Өрөө бүр нь өөрийн гэсэн онцлогтой тус буудлын ор болон бусад тавилгууд жинхэнэ машины эд ангиудаар хийгдсэнээрээ онцлог.

Хэдэн долоо хоног эсвэл сараар ч байрлах боломжтой “V8” буудалд та төрөл төрлийн уралдааны машинуудын түүхтэй танилцаж болох ажээ!

4. “BOOK AND BED” БУУДАЛ

Хэрэв та аялж явахдаа ч ном унших хүслээ дарж дийлдэггүй уншигчдын нэг бол яг л танд тусгайлан зориулагдсан зочид буудал Япон улсын Токио хотод байрладаг.

Хотын төвд байрлах уг буудалд та бүхний харж байгаачлан маш олон төрлийн номууд байх бөгөөд хүссэн номоо аваад л унших боломжтой гэнэ.

3. “DOG BARK PARK” ДЭН БУУДАЛ

Машинд эсвэл номд дурлагсдад зориулсан зочид буудлууд байгаа шиг нохойд дурлагсдад ч тохирсон зочид буудал байдаг аж. “Dog Bark Park” нэртэй уг дэн буудал АНУ-ын Айдахо мужид байрладаг.

Нохойн хэлбэртэй уг зочид буудал нь 4 гаруй метр өндөр бөгөөд дотоод засал чимэглэл нь ч нохойд дурлагсад эсвэл энгийн бус зүйлсэд дуртай бүхний сонирхлыг татахуйцаар бүтээгдсэн ажээ.

2. “ICEHOTEL” БУЮУ МӨСӨН ЗОЧИД БУУДАЛ

Мөсөн зочид буудал ч бас сонирхолтой санагдаж байгаа болов уу. Швед улсад байрлах “Icehotel” нь дэлхийн хамгийн анхны мөс, цаснаас бүтсэн зочид буудал аж.

Нэг талаараа урлагийн галерей ч гэж хэлж болох уг буудал нь өвөл бүр Torne голын мөсөөр сэргээн засварлагддаг. Мөн буудлын зарим хэсгүүд дулааны улиралд ч хайлалгүй үлддэг тул жилийн аль ч улиралд зочилж үзэж боломжтой юм.

1. “KAKSLAUTTANEN ARCTIC” АМРАЛТЫН ГАЗАР

Туйлын туяаг таазаараа ширтэнгээ үлгэрийн гэмээр үдшийг өнгөрөөхийг хүсэж байвал Финланд улсад байрлах “Kakslauttanen Arctic Resort”-ийг зориорой.

Тус буудлын шилэн тааз, хана нь танд эргэн тойрны үзэсгэлэнт байгалиа дулаан орноосоо ч тухтайхан ажих боломжийг олгох нь ээ!

Эх сурвалж: Bright Side, yolo

Холбоотой мэдээ