ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас COVID-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртөж буй 1550 иргэнд тусламж үзүүлнэ

2020-12-10

2020 оны 11-р сарын 13-ны өдрөөс Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосноор нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг дэмжих хэрэгцээ шаардлага хурдацтай нэмэгдэж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ нь 1550 иргэдэд буюу нэн ялангуяа хүнд нөхцөл байдалд орсон дотуур байранд амьдарч байгаа оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүмүүст тусламж үзүүлэхээр боллоо.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг “Өнөөдөр бид Олон улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна. Хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авах, аюулгүй орчинд амьдрах нь хүн төрөлхтний үндсэн эрх бөгөөд тус эрхээ хамгаалахын тулд бид бүхэн хамтран ажиллах ёстой билээ. Энэ хүнд хэцүү цаг үед Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлж байгаадаа таатай байна. Хамтын ажиллагааны арга замаар л бид энэ цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулж чадна” гэв.

Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөлөлд өртөж буй иргэдэд хүрч ажиллахыг зорьж байгаа ба 100,000 төгрөгийн үнийн дүн бүхий и-ваучерээр хүнс болон үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг супермаркетаар дамжуулан түгээх юм. Мөн холбогдох эмийн сангаар үйлчлүүлэх и-ваучер олгоно.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Дотуур байрны оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад эмзэг бүлгүүдэд хүнс болон үндсэн хэрэгцээ хангах худалдан авах эрхийн бичиг олгож байгаад Пипл Ин Нийд, Германы ард түмэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ цаг мөчид өгөөмөр дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бидэнд урам зориг, итгэл найдварыг төрүүлж байна” гэсэн юм.

Пипл Ин Нийд ОУТББ нь тус и-ваучерийг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийг судлах үйл ажиллагааг ирэх долоо хоногуудад зохион байгуулна. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь эмзэг бүлгийн иргэдийн нөхцөл байдлыг сайжруулахаар жил бүр төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг дэмжиж ажилладаг.

Пипл Ин Нийд ОУТББ нь БНЧУ-д бүртгэлтэй бөгөөд 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ