МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов

2020-12-10

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг батлав. Тогтоолыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Ерөнхийлөгчөөс Д.Нямсамбуу, Засгийн газраас Ө.Золбаяр, З.Энхболд, УИХ-аас Б.Батбаяр, Д.Цэндсүрэн, Д.Оюун-Эрдэнэ, Б.Энхмандах нарыг өмнө нь нэр дэвшүүлсэн томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй юм.

Иймд Ерөнхийлөгчөөс Ж.Цэсэнг, Засгийн газраас М.Уянга, Г.Отгонбаяр нарыг нэр дэвшүүлсэн байна. Харин УИХ-д 28 нэр дэвшигч материалаа ирүүлснээс 25-ийнх нь шаардлага хангасан тул Төрийн байгуулалтын байнгын хорооны нууц санал хураалтаар 4 хүнийг сонгосон байна. Тодруулбал, Дамдингийн Цоодол 12, Мянганбуугийн Наранбаатар 12 санал, Чулуунбаатарын Батцэнгэл 11 санал, Баасанжавын Ганболд 8 санал авчээ. Харин хэлэлцүүлгийн явцад нэр дэвшигч Ч.Батцэнгэл нэрээ татсан юм.

Маруушийн Уянга нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1998 онд Москвагийн Соёл урлагийн их сургууль төгссөн. Телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч найруулагч, менежер мэргэжилтэй. Соёл судлалын докторын зэрэгтэй.

Гомбожавын Отгонбаяр нь 1973 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургууль, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн, инженер, сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй юм байна.

Жигжидийн Цэсэн нь 39 настай, Сүхбаатар аймгийн 10 жилийн I сургуулийг 1998 онд, Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 2003 онд тус тус төгссөн байна. Уран зохиолын магистр, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр 2000-2001 онд “Шар сонин” хэвлэлд сэтгүүлч, 2001-2002 онд Нийслэлийн Улаанбаатар радиод сэтгүүлч, 2002-2007 онд “Мянганы зууч” сонины албаны дарга, тоймчоор, 2007-2010 онд  “Ардчилал сонин” хэвлэлийн албаны дарга, тоймчоор, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн албаны даргаар, 2019-2020 онд “Сайн Пи ар” агентлагт зөвлөхөөр тус тус ажиллажээ.

Дамдингийн Цоодол нь 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1985 онд 10 жилийн дунд сургууль, 1989 онд Улсын Багшийн Дээд сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн магистрын зэрэгтэй. 1989-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч, 2012-2016 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн V нэгдлийн дарга, 2014-2016 онд Кино программын Ерөнхий продюссер, 2016 оноос “Цэцэн” энтертайнментийн захирлаар ажиллаж байгаа юм байна.

Мянганбуугийн Наранбаатар нь 1974 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1991 онд дунд сургууль дүүргэж, 2002-2004 онд Удирдлагын академи, 2016-2019 онд Шихихутаг их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1996 онд МУИС-ийн ОУХПС-ийн Гадаад албаны ажилтан, 1996-2006 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн захирал, 2015-2018 онд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, 2019 оноос Энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

Баасанжавын Ганболд нь 1955 онд Увс аймгийн Улаан гом суманд төрсөн. 1973 онд дунд сургуулиа дүүргэж, 1979 онд Москвагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. 1989 онд Москва нийгмийн ухааны академид түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1979-1992 онд “Үнэн” сонинд сэтгүүлч, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1999 онд “Ардын эрх” сонинд орлогч эрхлэгч, 1999-2000 онд “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, 2000-2006 онд Радио, телевизийн ХЭГ-ын дарга, 2007-2013 онд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч, 2014-2020 онд “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ.

 

Холбоотой мэдээ