Ял, авлигын хэргээс байнга мултардаг Ж.Пунцагийн ар нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Цогтгэрэл…

Yazguur.mn
Өчигдөр 12 цаг 11 минут

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Гэвч 48 цагийн дараа буюу өнгөрсөн баасан гарагийн орой түүнийг сулласан байна. Гэхдээ шалгалт үргэлжилж байгаа юм. Түүнийг вагоны дугаарлалт дайруулдаг, тэндээс ашиг олдог байж болзошгүй гэх гомдлын дагуу шалгаж буй.

-ТЭРБЭЭР АТГ-Т ХОМ МЭДҮҮЛДЭГГҮЙ АЛБАН ТУШААЛТАН-

Монголчууд нэг хүний талаар дуулиан гарангуут хэд хоног шуугиад мартчихдаг хүмүүс. Ж.Пунцагийг “баривчилжээ” гэх дуулиан мөн л хэд хоног үргэлжиллээ. Гэвч түүнээс цаашихыг төдийлөн сонирхсонгүй.
Тиймээс бид энэ удаа Ж.Пунцаг гэж хэн бэ, УБТЗ-д даргын албан тушаалд хэзээ, хэний хамаарлаар очиж байсан, ямар түүхтэй хүн болох талаар өгүүлье. Хамгийн хачирхалтай нь УБТЗ-д зургаа дахь жилдээ даргаар ажиллаж буй түүний ХОМ АТГ-ын албан сайтад огт байсангүй. Учир нь УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга нь ХОМ мэдүүлдэггүй албан тушаал аж.

-ЯЛ, ХЭРГЭЭС ДӨРӨВ ДЭХЭЭ МУЛТАРЧ БУЙ Ж.ПУНЦАГ ГЭЖ ХЭН БЭ-

Тэр анх цагдаа байсан. Тухайн үедээ хүн зодож явсан нэгэн. Тодруулбал, 2000 онд буюу өдгөөгөөс 22 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хүн зодсон, танхайрсан хэргээр ял шийтгүүлж байсан байх юм. Тодруулбал, 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир, Ш.Батнасан, М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэгдэж байх юм. Мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ ЦЕГ-ын даргын 2006.03.24-ний өдрийн №115 тоот тушаалаар “Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан” гэх үндэслэлээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган энгийнээр ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын 2006.04.26-ны өдрийн №163 тоот тушаалаар “Өөрийн хүсэлтээр” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас халагдсан байна.

Дараа нь тэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ авлигын хэрэгт холбогдсон. Тодруулбал, 2014 онд “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан, мөн бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн боловч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон байдаг.
Тиймээс түүнд 2015 оны 01 сарын 19 өдөр 1.6 жил хорих ял ногдуулж, БНХАУ-ын иргэн Жан Юү Шинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /9.5 сая төгрөг/-гээр, Монгол Улсад түр оршин суух Жя Рун Линд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тус тус торгож, хэргийг шийдвэрлэж байсан нь шүүхийн шийдвэрийн санд бичигдэн үлджээ. Улмаар Давж заалдах шатны шүүхээр тус ялыг нь тэнсэн харгалзаж, цагдаагийн хяналтанд хоёр жилийн хугацаатай байлгах шийдвэр гаргасан байна.

-ТҮҮНИЙГ ЯЛГҮЙД ТООЦОХ ХУГАЦАА ДУУСААГҮЙ БАЙХАД, АТГ-ААР АШИГ СОНИРХЛЫГ НЬ ДҮГНҮҮЛЭХГҮЙГЭЭР ТОМИЛЖ БАЙЖЭЭ-

Гэтэл зодооны болон авлигын хэргээр тэнсэн харгалзах ял сонсож, тэнсэнгийн хугацаа нь дуусаагүй байсан түүнийг 2016.10.20-нд УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаа Дотоод аудит, хяналтын албаны даргаар томилж байжээ. Ингэхдээ түүнд ямар ч шаардлага, шалгуур тавихгүй, Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөнийг тухайн үед АТГ-аас мэдэгдэж, УБТЗ-д зөрчил арилгуулах мэдэгдэл хүргүүлж байжээ. Өөрөөр хэлбэл түүнийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон байдаг.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын мэдэгдэлд: “Ж.Пунцагийг ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх” гэх шаардлага биелүүлээгүй, түүнчлэн АТГ-т ХОМ-ийг хүргүүлээгүй, тэнсэн харгалзах ялтай, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тордорхойлолтын шаардлага хангахгүй байхад нийтийн албаны удирдах албан тушаалд томилсон нь тогтоогдож байна. Тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасны дагуу зөрчлийг арилгахыг Д.Жигжиднямаа даргад даалгаж байжээ.
Тиймээс Ж.Пунцагийг албаны даргаас нь буулгаад орлогч дарга болгож байжээ. Гэтэл АТГ-аас дахиад албан бичиг ирсэн тул Д.Жигжиднямаа аргагүй байдалд орж, хууль хэрэгжүүлэх үүднээс халсан байна. Гэтэл Ж.Пунцаг “Би ХОМ мэдүүлдэг албан тушаалтан биш байтал халчихлаа” хэмээн шүүхдэж, шүүхэд ялалт байгуулснаар нэг жилийн дараа буцаад УБТЗ-д ороод ирсэн аж. Энэ нэг жилийн хугацаанд тэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсныг Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа хэвлэлд ярьсан байх юм.

-Ж.ПУНЦАГ "ЛАНД 200"-ГАА "ЛАНД-300" БОЛГОЖЭЭ-

Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа Ж.Пунцагийн асуудлаар өнгөрсөн 2021 оны 11-р сарын 02-нд хэвлэлийн хурал хийж байсан. Улмаар Ж.Пунцагийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээсэн.
Тэрбээр "Ж.Пунцаг УБТЗ-д таван жил ажиллаад Ланд 200 машин унаад явж байна. Гэтэл эгэл ард бид ажиллаж, ажилласны дараа хямд төсөр унаа л авч чаддаг. Тиймээс би үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж бодоод, хардаад байгаа. Иймэрхүү алба хаагчдад аудитын шалгалт оруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ёстой” хэмээж байсан. Улмаар энэ асуудлаараа АТГ-т хандсаныг ийн шалгаж эхлээд буй бололтой.

Эх сурвалжуудын мэдээллээр Ж.Пунцаг УБТЗ-д орж ирээд тавхан жил ажиллаад ланд 200 машин авсан бол саяхан эл машинаа сольж, ланд 300 болгожээ. Өөрөөр хэлбэл 300 гаруй сая төгрөгийн машин унадаг төрийн албанаас цалин авдаг дарга байна гэсэн үг. Бид насаараа цалингаа хураагаад ч нэг ийм машины мөнгө хурааж чадахгүй нь үнэн билээ. Харин Ж.Пунцаг үүнийгээ тайлбарлахдаа “Хүнээс мөнгө зээлж байгаад авсан” гэдэг гэх.

-ТҮҮНИЙ АР НЬ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ШИЛЭН Б.ЦОГТГЭРЭЛ-

Ж.Пунцаг ер хаширдаггүй нөхөр гэлтэй. Хууль зөрчиж томилогдсон дарга байж ажлаа мөрөөрөө хийсэнгүй. 2019 онд дахин хэрэгт холбогдов. ТЕГ-аас түүнийг /2019 оны аравдугаар сард/ баривчлан саатуулж байв. Чухам ямар шалтгаанаар баривчилсан тухай албан ёсоор мэдээлээгүй ч хэвлэлүүдэд гарснаар ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын ашиглалтын хугацаа дуусч, актлагдсан вагон /1000ш/ худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан байж магадгүй гэдэг. Түүнтэй хамт Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн хоёр албан тушаалтныг мөн баривчлан саатуулсан ч Ж.Пунцаг нь удалгүй суллагдсан. Мөн энэ хэрэгт УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаа, УБТЗ ХНН-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, "шилэн" буюу Б.Цогтгэрэл нарыг ч холбоотой гэдэг. Тэр хэрэг нь тэгсхийгээд хэрхсэн нь тодорхойгүй мартагдсан.

Гэтэл гурван жилийн дараа дахиад л авлигын хэрэгт холбогдож буй нь энэ. Бүхэл бүтэн УБТЗ-ын том даргын албан тушаал хашдаг хүн удаа дараа хэрэгт холбогдож, өршөөгдөж, тэнсэж, даргаасаа буухгүй, шүүхдэж, буцаж орж ирж, дураараа дургиж явдаг нь бас учиртай.
Тэрбээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дотны найз. Тийм ч учраас айх айдасгүй, ийн дураар дургидаг гэлцдэг. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийн ялалт байгуулсны дараа буюу сонгуулиас дөрвөн сарын дараа тэрбээр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсон.Ингэхдээ дээр дурдсанчлан хуулийн шаардлага хангаагүй юм. Ганцхан тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дотны найз гэдэг нь түүнийг хамгаалж, албан тушаалд нь тогтоож үлдсэн байдаг.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн найз байхаас гадна Зам тээврийн дэд сайд байсан “шилэн” хочит Б.Цогтгэрэлтэй дотны найз. Тухайн үед буюу 2016 онд түүнийг ямар ч шалгуургүйгээр УБТЗ-ын хаалгаар хөтөлж оруулж ирж, дарга болгосон хүн нь Б.Цогтгэрэл. Үүнийг тус байгууллагын ажилчид баталдаг юм билээ. Учир нь дэд сайдаар томилогдсон албан тушаалтан шууд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны Монголын талын ахлагч болдог аж.

Бүр цаашилбал Дотоод аудит, хяналт шалгалтын албыг Ж.Пунцагт зориулж шинээр байгуулсан гэх мэдээлэл бий. Энэ алба нь байгууллага дотооддоо хяналт шалгалт хийж, бусдыг шууд ажлаас нь халдаг, сольдог хариуцлага тооцдог болсон гэх. Өөрөөр хэлбэл УБТЗ доторх АТГ шахуу байгууллага бөгөөд түүний дарга нь өөрөө авлигач болж таарч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна