Ё.Отгонбаяр: Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан юм уу?

Yazguur.mn
2 цаг 43 минутын өмнө

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчид улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудтай хэрхэн холбогдож байгаа талаар бид цувралаар мэдээллэж байгаа билээ. Энэ удаа БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хувьцаа эзэмшдэг “Нүүдэлчин групп” ХХК-ны Хөгжлийн банкнаас авсан 17.7 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Харин энэ мэдээллийн талаар сайд асан Ё.Отгонбаяр твиттер хуудсандаа “Тиймээ. Тэр хүний эгчтэй нь би 2018 онд гэрлэсэн юм. Тэгээд би суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан юм уу бүү мэд” хэмээн уцаарлангүй бичжээ.

Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд найдваргүй зээлдэгчдийн жагсаалтыг үргэлжлүүлж байгааг бид баримтаар нотолсон. Хөгжлийн банкнаас зээл авсан цаг хугацаа, Ё.Отгонбаярын Ш.Батнасантай гэрлэсэн жилтэй давхцаж байгаа ч тэрээр уг зээлд нөлөөлөөгүй гэдгээ өөрийн цахим хуудсанд илэрхийлсэн нь энэ бололтой.

Гэвч хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Мондулаан трейд ХХК”-тай Ё.Отгонбаярын эхнэр, хадмууд тэр чигээрээ холбоотой нь баримттай юм.

Дашрамд дурдахад сайд асан Ё.Отгонбаярын экс эхнэр О.Эрдэнэсолонго их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт 2013 онд холбогдож, энэ хэрэг яасан нь мэдэгдэхгүй замхарсан. Харин үүний дараахан Ё.Отгонбаяр 27 жил ханилсан эхнэрээсээ салж, Нүүдэлчин группийн хүргэн болсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна