Хүүхэд эндсэн 86-р байрны цахилгаан шатыг засахад 45 сая төгрөг төсөвлөж тендер зарлаж байжээ

Yazguur.mn
2022/01/27

БГД-ийн 18-р хороо 86-р байрны эвдэрхий цахилгаан шатны хонгил руу өчигдөр орой 18:30 цагийн орчимд бага насны хүүхэд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус байрны цахилгаан шат сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаагүй бөгөөд оршин суугчид нь СӨХ-оос удаа дараа шаардахад өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй байсаар гурван настай хүү эндлээ. 

Оршин суугчдын хэлж буйгаар БГД-ийн 18-р хороонд Э.Миеэгомбо гэх залуу "Байрыг чинь лифттэй болгож өгнө" хэмээн амлаж Иргэдийн төлөөлөгчөөр сонгогджээ. Харамсалтай нь албан тушаалдаа нэгэнт очсон Э.Миеэгомбо сонгуулийн амлалтаа умартаж, эвдэрхий лифтнээс гурван настай хүү унаж, хайртай гэр бүлээ орхин одлоо. 

Мөн 86-р байрны СӨХ нь оршин суугчдынхаа эрх ашигт нийцүүлж, аятай тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэлгүй олон жил болжээ. СӨХ-ны дарга Ц гэх эмэгтэй байдаг ч оршин суугчид нь албан ёсны дарга биш хэмээн хүлээн зөвшөөрдөггүй байна.  

2021 оны улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18-р хороонд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд 86-р байрны цахилгаан шат засварлахад 45 сая төгрөг төсөвлөж тендер зарлажээ. Гэвч өнөөдөр цахилгаан шат хэзээ засагдаж, ашиглалтад орох нь тодорхойгүй байна.  

Э.Миеэгомботой тус байрны оршин суугчдын төлөөлөл очиж уулзахад "Цахилгаан шатыг засахад тендер зарласан" хэмээн хэлжээ. Түүнээс хойш амлалт өгсөн төлөөлөгчийнхөө царайг  оршин суугчид нь хараагүй аж. Хэрэв хэлж байснаараа амлалтаа биелүүлж 86-р байрыг цахилгаан шаттай болгосон бол нэгэн залуу гэр бүл элэг бүтэн үлдэх байлаа Э.Миеэгомбо  төлөөлөгчөө!!

Та төлөөлөгчөөр сонгогдохоосоо өмнө Иргэдийнхээ ая тухтай, амар тайван амьдралын төлөө тууштай хичээж, ажиллана хэмээн амлаж байснаа эргээд нэг санаарай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна