Ц.Анандбазарын хэрэг Прокурорт шилжжээ

Yazguur.mn
2022/01/28

Яллагдагч Ц.Анандбазарын хэрэг прокурорын хяналтад иржээ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хагас жилийн мөрдөн шалгах ажиллгааны хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг холбогдсон нь үндэслэлтэй хэмээн тогтоогдож, түүнийг хүчингийн хэргийн яллагдагчаар татаад байгаа. Нийслэлийн Прокурорын газраас Ц.Анандбазарт холбогдох яллах дүгнэлтийг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны өдөр үйлдэж, түүнийг яллагдагчаар шалгаж байгаа юм. Яллагдагч статустай болсон Ц.Анандбазар мэдүүлгээ цаг тухайд нь өгөөд явж байгаа учраас түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа гэх мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газраас өгч байгаа. Өөрөөр хэлбэл, Ц.Анандбазар хүчингийн хэрэгт ЯЛЛАГДАГЧ статустайгаар шалгагдаад гурван сар гаруй хугацаа өнгөрч байна.

Тэгвэл Ц.Анандбазарыг яллагдагчаар шалгаж, хэргийг прокурорын хяналтад шилжүүлжээ. Прокурорын хяналтад очсон хэргийн процесс цаашид хоёр хэлбэрээр үргэлжлэх боломжтой. Тодруулбал,

  1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлэх
  2. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Мөрдөн байцаах албанд буцаах

Энэ хэргийн тухайд шүүхэд шилжих хэлбэрээр үргэлжлэх бүрэн боломжтой. Учир нь уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нийт 9 сар орчим хугацаа зарцуулж байгаагаас мөрдөн шалгах ажиллагаа хангаллтай хийгдсэн гээ үзэх боломж байгаа юм.

МАН-ынхан бүхэлдээ Ц.Анандбазараас “зай барьж”, Г.Занданшатар нарын хэдхэн хүн нүүр буруулж чадахгүй асуудлыг гацааж байж болзошгүй

Ц.Анандбазар ийнхүү хүчингийн хэрэгт холбогдсон нь намын хамгаалалтгүй болох шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны 2021.05.13-ны өдрийн хуралдаанаар Ц.Анандбазарын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлж, намын аль ч шатны үйл ажиллагаанд оролцохыг нь хориглосон. Ингэснээр Ц.Анандбазар МАН-ын бүлгийн болоод байнгын хороодын хуралд оролцох боломжгүй болж, намынхаа их хуралд ч оролцож чадаагүй юм.

Харин тэрбээр УИХ-д сонгогдсон тойрог болох Булган аймгийн иргэд, ААН-үүдэд өнгөрсөн хугацаанд мөнгөн болон эд зүйлийн тусламж үзүүлэх байдлаар маш их “тойглосон” Энэ үйлдэл нь “Ц.Анандбазар Булганы МАН-ын даргад өрсөлдөх гэж байгаа” гэх цуурхалыг орон нутагтаа бий болгосон. Гэхдээ МАН-ын Ерөнхий хорооны хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа учир Ц.Анандбазар Булганы МАН-ын даргад өрсөлдөх “шаанс”-гүй гэдгийг МАН-ын шийдвэр гаргах түвшний эх сурвалж батлан хэлж байна.

МАН-ынхан бүхэлдээ Ц.Анандбазараас “зайгаа барьж” байгаа энэ цаг үед намын дунд шатны байгууллагад байр суурь авч үлдэх дараагийн оролдлого нь Булганы МАН-ын дарга, орлогч дарга зэрэг албан тушаалд өөрийн хүнээ томилуулахаар мөнгө амлаж байгааг Булган дахь МАН-ынхан ярьж байна. Тодруулбал, бизнес эрхлэгч нэгэн залууд мөнгө амлаж, “санхүүгийн тал дээр санаа зоволтгүй албан тушаалаа ав” гэсэн зүйл ярьсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ мэт шударга бус үйлдлүүд яригдаж байгаа учир Булганы МАН-ын Бага хурлын тов яригдаж эхэлснээс хойш хэл ам тасрахгүй байна.

Ийнхүү МАН-ынхан бүхэлдээ Ц.Анандбазараас “зайгаа барьж”, “асуудал нь шийдэгдэхэд намын зүгээс хамгаалахгүй” гэсэн байр суурийг баримталж байгаа бол Г.Занданшатар нарын цөөн хэдэн улстөрч нүүр буруулчихаж чадахгүй байгаа нь Ц.Анандбазарын хэрэг удаашрах шалтгаан болж байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Г.Занданшатарын тухайд Бага тэнгэр дэх Ц.Анандбазарын орон сууцнаас авсан гэх мэдээлэл байдаг. Албан бус шугамаар уг мэдээллийг Г.Занданшатараас тодруулахад “өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан” гэх тайлбарыг хэлдэг ч энэ нь ямар нэгэн баримт нотолгоо одоогоор ил болоогүй байгаа мэдээлэл юм.

Магадгүй, Г.Занданшатар Ц.Анандбазарын орон сууцыг авахдаа мөнгө төлөөгүй зэрэг асуудал нь түүнээс “нүүрээ буруулж чадахгүй байх” шалтгаан болж байж болох юм. Гэхдээ “нүүрээ буруулж чадахгүй байгаа” гэдэг нь “хамгаална” гэсэн үг биш гэдгийг онцолж байна.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ё.Отгонбаяр, Ц.Анандбазар нарын ёсзүйгүй  үйлдлийг хэрхэн үнэлэх вэ?

Хэдхэн хоногийн өмнө сайд асан Ё.Отгонбаяр цахим сүлжээгээр дамжуулан сэтгүүлчдийг “ална” гэж сүрдүүлсэн үйлдэлд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шуурхай хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Тэгвэл охид  эмэгтэйчүүдийг хүчиндсэн Эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Ц.Анандбазарын ёсзүйгүй үйлдэлд МАН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага ярих уу? Ц.Анандбазарын хүчирхийлэлд хохирсон эмэгтэйчүүд байнгын айдас дарамтад амьдарч байгаа энэ үед хэрэг удааширч, хүчирхийлэгч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй яваа нь хэр шударга вэ?

МАН их хурлаараа “Хүний эрхийг эн тэргүүнд тавьж, шударга ёсыг чухалчлах бодлого баримтлах”-аа зарласан. Гэтэл тэд тогоон доторх хүчирхийлэгчтэйгээ хариуцлага ярьж чадахгүй бол тэдний бодлого цаасан дээрх бичиг л болно. 

Эх сурвалж: tsahiur.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна