ОХУ параддаа гадаадын зочид урихгүй

Админ
2022/05/02

ОХУ тавдугаар сарын есний өдөр тэмдэглэдэг Ялалтын баярын үеэр гадаадын зочдыг урьдаг уламжлалтай. Харин энэ жил Ялалтын парадад гадаадын улс орнуудын төрийн тэргүүнийг уриагүй гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. 

 

Ийнхүү гадаадын төрийн тэргүүнүүдийг уриагүй шалтгаан нь энэ жил "тэгш ой тохиоогоогүйтэй холбоотой" гэж Песков тайлбарласан байна. Регнум агентлагийн мэдээлснээр, Оросын холбоотон болох Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ч Москвад айлчлахгүй бөгөөд тэрбээр нутагтаа болох парадад оролцох гэнэ. 

 

Өмнө нь, дөрөвдүгээр сарын 19-нд Песков мэдээлэл хийхдээ тавдугаар сарын есний өдөр гадаадын төрийн тэргүүнүүдийг Москвад урьдаг уламжлал хэвээр хадгалагдаж байгаа хэмээж байв. Харин энэ удаад "бодлоо өөрчилжээ". 

 

"Энэ бол бидний баяр, бүх Оросын хувьд, бүх орос хүний хувьд ариун гэгээн баяр. Гэхдээ энэ баярт гадаадын удирдагчдыг уриагүй" хэмээн Песков мэдэгдээд, "тэгш ой" биш учраас ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ. 

 

Энд дуулгахад, 2020 онд коронавирусийн тахлын улмаас парадыг зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж байлаа. Тухайн үед Москвад Беларусь, Узбекистан, Босни Герцеговин, Казахстан, Киргиз, Молдав, Тажикистан, Серби, Өмнөд Осет, Абхазийн тэргүүнүүд айлчилж байв.

 

Парад цуцалсан орнууд 

Өмнө нь, тавдугаар сарын есний өдөр цэргийн парад зохион байгуулдаг байсан, Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн зарим гишүүн орон энэ жил парад зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Үүний нэг нь Казахстан улс. Энэ улс тавдугаар сарын есний өдөр цэргийн парад зохион байгуулахгүй, гэхдээ цэрэг, эх оронч арга хэмжээ явуулахаар төлөвлөсөн талаараа дөрөвдүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж байв.

 

"Аугаа их Эх орны дайн болон Казахстаны Зэвсэгт хүчний ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх тусгай арга хэмжээ болно. Казахстан даяар нийтдээ 50 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн" хэмээн Казахстаны Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа.

 

Казахстанд тавдугаар сарын долооны өдөр Эх орноо хамгаалагчдын өдөр, харин тавдугаар сарын есний өдөр Ялалтын баяр тэмдэглэдэг юм. 2020, 2021 онуудад энэ хоёр баярт зориулан явуулдаг цэргийн парадыг коронавирусийн цар тахлын улмаас цуцалж байв.

 

Парад зохион байгуулахгүй гэж шийдсэн өөр нэг орон нь Узбекистан. Энд мөн л коронавирусийн халдварын улмаас 2020, 2021 онуудад парад зохион байгуулаагүй юм.

 

Түүнчлэн Киргиз улс энэ жил ялалтын баяраас татгалзсан. Парадын оронд хүндэтгэлийн цуглаан, "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээ зохион байгуулагдах гэнэ. Мөн Ялалтын баяр тэмдэглэх үеэр Z үсэг ашиглахгүй байхыг Киргизийн эрх баригчид ард түмэндээ хандан зөвлөжээ.

 

Эстони улс ч парадаас татгалзсан орнуудын тоонд багтана. Тавдугаар сарын есний өдөр Оросын бэлгэдэг, ЗХУ-ын туг далбаа, Зөвлөлтийн цэргийн дүрэмт хувцас, Георгийн тууз ашигласан аливаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг энэ улсын эрх баригчид хориглосон бөгөөд энэ нь "өдөөн хатгалгаас зайлсхийх зорилготой" хэмээн тайлбарлаж байв. 

 

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Латви улс ч тавдугаар сарын есний өдөр арга хэмжээ зохион байгуулахгүй гэж шийдсэн. Түүнчлэн "улс төрийн жагсаал" гарахаас сэргийлэн Зөвлөлтийн дайчдын хөшөөний орчимд арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөөгүй байна. Харин Молдав улс Георгийн тууз, Z, V үсгүүдийг ашиглахыг хориглосон хуулийн төслийг баталсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна