Засгийн газар яагаад хатуу хөл хорио тогтоогоогүй вэ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/04/06

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өнгөрсөн сарын 13-нд нэг өдөрт бүртгэх халдварын тоо 400-д хүрвэл хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэж мэдэгдсэн. Үүнээс хойш нийслэлд дахин хөл хорио тогтоох нь зөв, буруу гэсэн маргаан удаан өрнөв.

ЭМЯ, УОК халдварын нууц үеийг дуустал буюу 14 хоногоор хөл хорио тогтоох санал гаргасан ч Засгийн газар дэмжсэнгүй. Эхнээсээ л хөл хориог эсэргүүцсэн Сангийн сайд Б.Жавхлан энэ удаа “ялав”. Энэ удаа гэсний учир нь халдвар өдөрт 600-гаар нэмэгдэх тархвар судлаачдын таамаглал биелэв. Өнөөдөр 831 тохиолдол илэрлээ. Энэ хэвээр үргэлжилбэл хөл хориог дахин судлахаас өөр аргагүй.   

Сангийн сайд Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг нийслэлд дахин хөл хорио тогтоон, арай гэж сэхэж буй эдийн засгаа сөхрүүлчхээд “Бид ковидтой амжилттай тэмцлээ гэж дүгнэж болохгүй” гэсэн юм.   

Ямартаа ч Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалах, сэргээхийн тулд шийдэмгий алхам хийв. ЭМЯ, УОК-ын саналыг эсэргүүцэн, өдөрт 600-800-гаар илэрч буй халдварын эрсдэлийг сөрөн, бизнесийн үйл ажиллагааг нэг өдөр ч атугай үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Тэгвэл энэ шийдвэрийг гаргахад ямар хүчин зүйлс нөлөөлөв?        

30 их наядаар хэмжигддэг манай эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байна вэ?  

НҮҮРСЗЭСИЙН ЭКСПОРТ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСЛОО   

Өнгөрсөн сарын дундуур “Оюу толгой” компанийн хоёр ажилтанд халдвар илэрсний улмаас Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрс, зэсийн тээвэр бүрэн зогслоо. ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “Нүүрс тээврийн жолооч нар 5-6 хоног тутамд хоёр боомтод хоёуланд нь шинжилгээ хийлгээд, тээврээ хэвийн үргэлжлүүлж байв. Гэвч халдвар гарсны дараа БНХАУ-ын тал манай жолооч нараас өдөр бүр шинжилгээ авах шаардлага тавьсан. Мөн манай улсад шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн хэрэг гарсан тул Хятадын тал Гашуун Сухайтад хийсэн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэснээр өдөрт нэвтрэх тээврийн машины тоо 30 болж буурлаа. Өнгөрсөн сарын 15-ныг хүртэл өдөрт 450 машин нэвтэрч байв. Хоёр улсын Гадаад харилцааны яамны холбогдох удирдлагууд энэ сарын 26-нд цахим уулзалт зохион байгуулсан. Бид боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх саналаа тавьсан юм. Урд хөршийн зүгээс “Бид Монгол улс дахь халдварын нөхцөл байдал, халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг анхааралтай ажиглаж байна. Нөхцөл байдал сайжирна гэж итгэж байна” гэсэн хариулт өгсөн” гэв.

Тэгэхээр экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс, зэсийн тээвэр хэзээ эхлэх нь тодорхойгүй, манай тал чухам ямар шаардлагууд биелүүлснээр экспорт эхлэх нь бүрхэг байна. БНХАУ-ын худалдан авагчидтай байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний хүрээнд “Оюу толгой” компани "Force majeure" зарлан, давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсноо мэдэгдэв. Өнгөрсөн оноос эхэлсэн ковидийн нөлөөнд бизнесийн олон салбар өртсөн ч “Оюу толгой” өнгөрсөн сарыг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байв. Урд хөрш хилээ хааснаар “Оюу толгой”-н зэсийн баяжмалыг тээвэрлэдэг компаниуд ч хүлээлтийн горимд шилжлээ.

Манай улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Т.Бадрал Монголоос гаргах тээврийн машинуудын ариутгал, халдваргүйтгэлийг сайжруулах, хил дээрх ариутгалын хаалгануудыг нэмэх, халдваргүйтгэлийг БНХАУ-ын стандартын дагуу хийдэг болох саналыг УОК-ын цахим хуралдааны үеэр илэрхийлжээ.          

Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25, экспортын 90 хувийг, улсын төсвийн орлогын 25 хувийг тус тус бүрдүүлдэг. Үүн дотор зэс, нүүрсний салбар экспортын орлогод жин дардаг юм. Гэтэл нүүрс, зэсийн худалдаа саарснаар гадаад худалдаанд, удаан үргэлжилбэл ам.долларын ханшид ч нөлөөлөх эрсдэлтэй.          

Харин “Эрдэнэт” үйлдвэр Замын-Үүдээр буюу галт тэргээр бүтээгдэхүүнээ саадгүй экспортолж байна. Иймд “Оюу толгой” зэсийн баяжмалаа Чойр, Замын-Үүдээр экспортлох боломжийг судалж эхэлжээ. Гэхдээ судалгаа дөнгөж эхлэл шатандаа байна.     

ИРЭХ ДОЛДУГААР САРД САНХҮҮГИЙН САЛБАРТ ЭРСДЭЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ

“Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа аврах” хөтөлбөр хэрэгжиж, “зээлэн бороо” орж, бага хүүтэй зээлийг их хэмжээгээр олгож эхлэв. Гэвч 10 их наяд төгрөгийн зээл угаас санхүүжилтийн дутагдалтай манай улсад олдоц муу хэвээр байна. Зээлийн шаардлагыг хангасан ч авч чадаагүй хэмээн гомдоллох ААН олон. Тэгээд ч өнгөрсөн сард олгож эхэлсэн зээлийн үр шим эдийн засагт урт хугацаанд илэрнэ. 1.3 их наядад хүрсэн хугацаа хэтэрсэн зээл, 2 их наядад хүрсэн чанаргүй зээл  шууд буурахгүй. Эдгээр үзүүлэлт банкны салбар ихээхэн эмзэг байгааг илтгэнэ. Гэтэл ирэх долдугаар сараас зээлийн ангилал хуучин хэвэндээ орно. Ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 байсныг 90 хүртэлх хоног болгосон. “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоосон. Долдугаар сарын эхний өдрөөс эдгээр хугацааг мөрдөхгүй.   

Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаа дуусгавар болно. Иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэн, орон сууцны зээлийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. 55,676 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй буюу нийт ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцын 80 хувьд зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр хойшлуулсан юм.

Иргэд хойшлуулсан хугацаанд буюу дунджаар долоон сарын хугацаанд 227 орчим тэрбум төгрөгийн төлбөрөөс (86 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 141 тэрбум төгрөгийн хүүний төлбөр) чөлөөлөгдөв. Эдгээр иргэд гурван сарын дараа зээлээ өмнөх хуваарийн дагуу төлж эхэлнэ.   

Мөн ирэх долдугаар сард хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөгийн тэтгэмж зогсож, 20 мянган төгрөг болно. Өрхүүд цахилгаан, усны төлбөрөө төлж эхэлнэ. Эдгээр нь санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Иймд ирэх долдугаар сараас иргэдийн зээлийн чанар муудаж болзошгүй. Энэ үед өрхүүдийн тэтгэмжийн орлогыг (хүүхдийн мөнгө) бууруулбал зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөх эрсдэлтэй. Өрхүүдийн орлого, зардал буурсаар байгаа тул ЖДҮ эрхлэгчид 3 хувийн зээл авсан ч тэдний барааг худалдан авах иргэд байна уу? Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжсэн шиг эрэлтийг буюу иргэдийн худалдан авалтыг дэмжих шаардлагатай гэж зарим эдийн засагч үзэж байна. 

УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 122 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөг байжээ.

Улсын төсвийн 85 хувийг татварын орлого бүрдүүлдэг. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 112 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх, хүүхдийн мөнгө гэх мэт нийгмийн халамжийг санхүүжүүлэх зорилгоор өнгөрсөн сард АХБ-наас 73 сая ам.долларын зээл авлаа. Ингэснээр Засгийн газрын  нийт өр 27 их наядад хүрч, улам зузаарсаар байна.         

2022 ОНД ТӨСВИЙН ОРЛОГЫН 20 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БОНД ТӨЛНӨ

Энэ онд Сангийн яам төлөх, томоохон дүн бүхий төлбөр байхгүй. Гэвч 2022 онд төсвийн орлогын 20, 2023 онд 35 хувьтай тэнцэх хэмжээний бондын төлбөр биднийг хүлээж байна.

Ирэх онд Сангийн яам Чингис бондын үлдэгдэл 1 тэрбум ам.долларыг хүүгийн хамт хөрөнгө оруулагчдад төлнө. Мүүдисийн төсөөллөөр Засгийн газрын нийт зээлийн хэрэгцээ 2021 онд ДНБ-ийн 13%-тай тэнцэнэ. Тэгэхээр Засгийн газар 3-4 их наяд төгрөгийн санхүүжилт олохын тулд одооноос өмнөх бондуудыг дахин санхүүжүүлэх буюу шинэ зээл авах шаардлага бий. Эс бөгөөс ОУВС-гийн хөтөлбөрт дахин орох эрсдэлтэй. 

Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан ч Оюу толгойн далд уурхайн санхүүжилт, улсын төсвийн орлогын тасалдал, банкны шинэчлэлтүүд эдийн засагт сорилт үүсгэж болзошгүй байна. Эдгээр хүчин зүйлийн улмаас Д.Оюун-Эрдэнэ сайд хөл хорио тогтоохгүй, эдийн засаг уналтад орчихвол эрүүл эндийн салбараа дэмжиж чадахгүйд хүрнэ гэж үзжээ. Гэвч өдөр бүр нэмэгдэх халдварын тоо иргэдийг айдаст автуулан, хөл хорио тогтоохыг шаардах иргэд цөөнгүй байна.        



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна