”Түвшинбаяр “чөтгөр” мөн бол Энхбат бас “чөтгөр” болж таарна”

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/04/07

Ковидын хажуугаар чих халууцуулж, сошиал орчинд шуугиан тарьсан мэдээ олимпийн аварга Н.Түвшинбаярын танхайн хэрэг байв. Сайн найзыгаа хэвтэрт ортол нь зодсон Н.Түвшинбаяр эмнэлэгт хэсэг ухаангүй хэвтэж байсан ч өдгөө торны цаана саатуулагдаж буй. Хүмүүсийн сэтгэл 

Олимпийн аварга найзыгаа түрээд явж байгаа энэ хөөрхөн зургийг хараад, бас сайтуудын мэдээний доорх сэтгэгдлүүдийг уншаад “Энхбат начин их сайн хүн бололтой” гэж бодов. Хурдан эдгэж, эрүүл саруул болохыг ерөөе.

20-иод жилийн өмнө нэг яруу найрагч залуу нөхрийг маань ноцтой гэмтээсэн юм аа. Олуулаа ярьж хөөрч, хундага тулгаж суутал тэр залуу Аюуртай санаа нийлээгүйдээ шаралхан, уурлаад гарч явсан ч гэнэт буцан орж ирснийг хэн ч анзаараагүй байдаг. Ингээд, цаашаа хараад сууж байсан нөхрийн маань толгой дээр шар айрагны , том аяга хагалчихаад хар хурдаараа гүйгээд алга болжээ. (Хамт сууж асан нөхөд нь хожим надад ярьсан л даа) Шар айрагны, өндөр, шилэн аяга маш зузаан, бөх бат байдгийг бүгд мэднэ. Тийм аяга хагарсан гэхээр ямар их хүчээр цохисон нь тодорхой.

Харин сэтгэгдлүүдээс үзвэл Түвшинбаяр аварга маш муу хүн бололтой. “Хар багаасаа найзалсан хоёр” хэмээн олон хүн баталжээ. “Найзаар нь хүнийг тань!” гэж Монголчууд ярьдаг.

Хэрэв Энхбат начин сайн хүн бол Түвшинбаяр аварга ч муугүй л хүн байх ёстой.

Хүн өөртэйгээ адилхан хүнтэй л он удаан жил нөхөрлөдөг биш үү? Зүрх сэтгэлээрээ тэс өөр хүмүүс 10 байтугай 5 жил ч хамт байж тэсэхгүй. Нэг нь бурхан, нөгөө нь чөтгөр байвал яаж ийм олон жил зам мөр нийлэх билээ. Тэгэхээр л, Түвшинбаяр хэрэв “чөтгөр “ мөн бол Энхбат бас “чөтгөр” болж таарах гээд байна л даа. Энэ бяцхан жишээнээс дүгнэхэд л яг одоо бид туйлширч байна.

“Санаандгүй байхад араас чанга цохичихоо  л зугтчихлаа. Аймаар өвдөж, уур хүрээд хойноос нь хөөсөн ч мөстсөн, машин зам дээр халтирч унаад… тэгээд гүйцсэнгүй” гэсээр нөхөр маань гэртээ ирсэн.

Цохиулсныхаа дараа цус гарч байгааг анзаараагүй учир Аюур малгайгаа шууд өмсчихөж. (Өвөл байсан.) Найзууд маань бүгд араас нь гүйлдэж гарсан тул харанхуй гудамжинд хэн ч цус урсаж буйг анзаарсангүй, тэгээд л тарцгаажээ. Нөхрийн минь ороолт, малгай, цамц, хүзүү, нуруу бие нь будагдчихсан юм шиг л улаан болчихсон байсан. Түргэнийн машинаар гэмтлийн эмнэлэгт очиж, маш олон оёдол тавиулсан  даа. Одоо ч Аюурын толгойд оёдлын, урт сорви болон овгор товгор бий.

Харин “гэмтэн” маань уучлал гуйх байтугай утсаа ч авахгүй алга болчихов оо. Гэвч бид цагдаад мэдүүлээгүй, гомдол гаргаагүй. Сарын дараа, хэвлэлийн хүрээлэнд болсон нэг хуралд мань “гэмтэн” ирчихсэн сууж байхад Аюур өнөөх хурлыг хөтлөхөөр яваад оржээ. Хэн орж ирснийг мэдээгүй түүнийг хүнтэй яриад, цааш хараад сууж байхад Аюур нуруунаас нь гэнэт тэвэрч аваад “Араас гэтэж толгой хагална гэнэ ээ, чинийхийг одоо хагалаад өгье л дөө” гэж чанга хэлсэнд царай нь зэвхий дагаад л явчихаж. Гэвч ингэж хэлчихээд л Аюур инээчихсэнд өнөө залуу хариу тэвэрч аваад эвлэрцгээсэн юм.

Тэр үед FB гэж байсан бол би тэр залууд уурласан, гомдсондоо даруй поост бичээд, мөнөөхөн “зугтагч“-ийг нийгэм даяараа шүүн хэлэлцэж, мань эр маш их доромжлуулах байсан нь тодорхой.

“Азаар” тэгэхэд “хүн бүхэнд үгээ хэлэх боломж” байгаагүй юм. Хүссэн үедээ хүссэн үгээ хэлэх эрх чөлөө заримдаа өөр олон боломжийг биднээс булаадаг, хаадаг ч байж магадгүй.

20-иод жилийн өмнө “нийгмийн сүлжээ” байгаагаагүй тул яруу найрагч залуус асуудлаа нийгмээр шийдүүлээгүй  юм. Тодруулбал, өөрсдийн ухаан бодлоор, зүрх сэтгэлээр асуудлуудаа шийдэх нэг өвөрмөц “боломж”…(Биднийг жинхэнэ ёсоор насанд хүрэхэд тус болж байсан өвөрмөц зам) Тиймээс ч ханийг минь ноцтой гэмтээсэн залуутай эвлэрэх, уучлах хүнлэг боломж бидэнд гарч. Тиймээс ч уур уцаараа барьж чадаагүй яруу найрагчид уучлагдах боломж гарч. Гомдол хорсолгүйгээр асуудлыг дуусгах, харилцаагаа авч үлдэхийн тулд тайвширцгаах цаг хугацааны боломж…

Түвшинбаярын хувьд уурын мунхагаар нөхрөө гэмтээсэн тул шийтгэлээ хүлээх нь тодорхой. Харин бидний хувьд алдаа хийсэн нэгэндээ ч “харгис бус” сэтгэлээр хандаж сурах эсэх нь тодорхойгүй л…

Эвдрэлцсэн хүмүүсээс эвлэрэх боломжийг нь булааж авахгүй байх… Үүний тулд хэн хэнийх нь сэтгэлд шивсэн доромж муу үгсийг бичихгүй, хэтэртэл хэлэлцэхгүй байх…

Тийм ч хэцүү биш хүнлэг хандлага…

Л.Өлзийтөгс" гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна