УОК-ын дарга, ЭМЯ-ны сайд нар СХД-ийн жишиг эмнэлэгтэй танилцав

Т.Алтансүх | Yazguur.mn
Өчигдөр 14 цаг 20 минут

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт СХД-ийн жишиг эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав.

Тус дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дүүргийн иргэдэд оношилоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх жишиг Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон.

Тус эмнэлэг нь амбулаторийн 27 кабинеттэй, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай бөгөөд мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа зэрэг эмчилгээ хийх сүүлийн үеийн иж бүрэн тоноглосон өрөөтэй. Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.

Дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучин байрандаа “COVID-19”-өөр халдварласан иргэдийг эмчлэх 100 ор дэлгэж, өнөөдөр үүндээ 67 иргэнийг хэвтүүлэн эмчилж байгаа, цаашид шаардлагатай тохиолдолд тус эмнэлэгт халдвараар өвчилсөн иргэдийг хүлээн авах ор нэмж дэлгэх боломжтой гэдгийг тус эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн танилцууллаа.

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн баллоноор цэнэглэж, хүчилтөрөгчөөр хангах корпус ажилладаг бөгөөд хүндрэлтэй иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжтой юм. Одоогийн байдлаар тус дүүргийн эмнэлэг нь хүчин чадлынхаа 20-30 хувийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт тус эмнэлэгтэй ижил жишиг эмнэлэг байгуулахаар төлөвлөж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дурдсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна